Итгэгчдэд хандах үүрэг

    5 1 Настай эрийг бүү ширүүн зэмлэ. Харин түүнд эцэг шигээ, залууст ах дүү шигээ, 2 настай эмэгтэйчүүдэд эхчүүд шигээ, залууд нь эгч дүү шигээ бүхий л цэвэр ариун байдлаар ханд. 3 Үнэхээр бэлэвсэн бол тэдгээр бэлэвснийг хүндэл. 4 Бэлэвсэн хэн нэг нь үр хүүхэд, эсвэл ач гучтай бол тэднийг нь юуны өмнө өөрсдийнхнийгөө хүндлэхэд болон эцэг эхийнхээ ачийг хариулахад суралцуул. Учир нь энэ нь Бурханы өмнө тааламжтай. 5 Ганцаараа үлдсэн ганц бие бэлэвсэн эмэгтэй өөрийн найдварыг Бурханд тавьж, өдөр шөнөгүй байнга гуйж, залбирдаг. 6 Харин зугаацан амьдрагч нь амьд боловч үхсэн байна. 7 Тэднийг гэм зэмгүй байлгахын тулд эдгээрийг тушаа. 8 Харин хэн нэгэн нь өөрийнхнийгөө, ялангуяа гэр бүлийнхнээ эс тэтгэвээс итгэлийг үгүйсгэсэн бөгөөд итгэгч бусаас ч дор юм. 9 Жагсаалтад орох бэлэвсэн эмэгтэй нь нэг л хүний эхнэр байсан, жараас доошгүй настай, 10 сайн үйлсээрээ гэрчлэгдсэн, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлсэн, зочломтгой, ариун хүмүүсийн хөлийг угаасан, зовсонд тусалсан ба аливаа сайн үйлсэд өөрийгөө зориулсан байх. 11 Харин залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг жагсаалтад бүү оруул. Учир нь тачаангуй хүсэл нь тэднийг Христээс хөндийрүүлэх үед тэд гэрлэхийг хүсдэг. 12 Тэд эхний амлалтаа зөрчсөн тул шийтгэл хүлээнэ. 13 Үүний зэрэгцээ тэд залхуудаа дадаж, айлаар хэсүүчлэн, гагц залхуу болоод зогсохгүй, бас хов хөөцөлдөн, хэрэгт дурлаж, ярих ёсгүй юмс ярьдаг аж. 14 Тиймээс би залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлж, гэрээ сахиж, буруутгах далим дайсанд бүү өг хэмээн хүсэж байна. 15 Учир нь зарим нь хэдийнээ Сатаныг дагахаар эргэжээ. 16 Хэн нэгэн итгэгч эмэгтэйд хамаатных нь бэлэвсэн эмэгтэйчүүд байвал чуулганд дарамт болголгүй тэдэнд тусал. Тэгвэл чуулган үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдэд туслах болно. 17 Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаалд зүдэн зүтгэж буй нь давхар хүндэтгэл авах зохистой хэмээн үз. 18 Учир нь Бичвэр “Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү хий”, “Ажилчин хөлсөө авах нь зохистой” гэж хэлдэг. 19 Хоёр, эсвэл гурван гэрч байхгүй л бол ахлагчийн эсрэг буруутгалыг бүү хүлээж ав. 20 Нүгэл үйлдсээр байгаа хүмүүсийг бүгдийн өмнө зэмлэ. Тэгвэл бусад нь эмээх болно. 21 Юуг ч ялгаварлалгүй, танил тал харалгүйгээр эдгээрийг сахихыг Бурхан ба Христ Есүс, сонгогдсон тэнгэрэлч нарын өмнө би чамд чухалчлан захья. 22 Хэн дээр ч яаран гар бүү тавь. Бусдын нүгэлд ч бүү оролц. Өөрийгөө цэвэр ариун байлга. 23 Үүнээс хойш зөвхөн ус битгий уу. Харин ходоодныхоо байнгын өвчний улмаас бага зэрэг дарс хэрэглэ. 24 Зарим хүмүүсийн нүгэл шүүлтээс нь өмнө илэрхий болжээ. Харин заримынх нь хожим илрэх болно. 25 Үүнтэй адил сайн үйлс нь илэрхий юм. Заримынх нь илэрхий бус ч, далдлагдсаар байхгүй.