Харгалзагчдын чадвар

    3 1 Энэ бол итгэмжит үг. Хэрэв хэн нэгэн нь харгалзагч болохыг эрмэлзвэл, тэр сайн ажил хүсэж байна. 2 Тиймээс харгалзагч нь өө сэвгүй, нэг эхнэрийн нөхөр,вбиеэ барьдаг, хэрсүү, хүндэтгэгдсэн, зочломтгой ба заах чадвартай, 3 дарсанд үл шимтэгч, зодоонч биш, харин дөлгөөн, хэрүүлч бус, мөнгөнд шуналгүй, 4 өөрийн гэрийг сайн захирдаг, бүхий л хүндлэл дор хүүхдүүдээ захирдаг байх ёстой. 5 (Хэрэв хэн нэгэн өөрийн гэрийг захирч мэдэхгүй бол хэрхэн Бурханы чуулганыг халамжлах билээ?) 6 Шинэ итгэгч байж болохгүй. Эс бөгөөс биеэ тоон диаволын шүүлтэд унах вий. 7 Тэрээр буруутгалд хийгээд диаволын урхинд орчихгүйн тулд гадна байгсдын зүгээс сайн гэрчлэлтэй байх ёстой.

Чуулганы үйлчлэгчдийн чадвар

  8 Үүнчлэн үйлчлэгчид хүндтэй, хоёрдмол үгтэй бус, дарсанд шунадаггүй, эдийн шуналгүй, 9 итгэлийн нууцыг цэвэр мөс чанараар сахидаг байх ёстой. 10 Эхлээд тэд шалгагдаг. Тэгээд гэм зэмгүй аваас үйлчлэг. 11 Түүнчлэн эмэгтэйчүүд хүндтэй, гүтгэгч бус, тэвчээртэй, бүгдэд итгэмжтэй байх ёстой. 12 Үйлчлэгчид нь нэг эхнэрийн нөхөр, хүүхдүүдээ болон гэр бүлээ сайн захирдаг байг. 13 Учир нь онц үйлчилсэн нь сайн байр суурь ба Христ Есүс дэх итгэлдээ үлэмж зоригийг олж авдаг.

Бидний итгэл сүсгийн нууц

   14 Удахгүй чам дээр очно гэж найдан, эдгээрийг би бичиж байна. 15 Хэрэв би саатвал, үнэний багана ба суурь болсон амьд Бурханы чуулган болох Бурханы гэр бүл дотор хэрхэн биеэ авч явах учиртайг чи мэдэх ёстой. 16 Итгэл сүсгийн нууц агуу нь эргэлзээгүй.

Махбодоор илчлэгдсэн

Тэр Сүнс дотор зөвтгөгдсөн.

Тэнгэрэлч нарт үзэгдсэн Тэр

Харийнханд ч тунхаглагдсан.

Ертөнцөд итгэгдсэн Тэр

Сүр алдраар дээш авагдсан.