Худал даяанчлал

   4 1 Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхин, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн сургаалд анхаарал хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг. 2 Тэд мөс чанараа хуйхлуулаад хоёр нүүр гарган худал ярьж, 3 гэрлэхийг хориглодог мөн итгэгчид болон үнэнийг мэдэгсдэд талархалтайгаар хүртэг хэмээн Бурханы бүтээсэн хоол хүнсийг цээрлэхийг албаддаг. 4 Бурханы бүтээл бүр сайн. Тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол гологдох зүйл үгүй. 5 Учир нь энэ нь Бурханы үгээр ба залбирлаар ариусгагддаг.

Есүс Христийн сайн үйлчлэгч

      6 Чи ах дүүсээ эдгээр зүйлсэд хандуулбал, чи дагаж буй итгэлийн үгс ба эрүүл сургаалаар тэжээгдсэн, Христ Есүсийн сайн үйлчлэгч болно. 7 Харин олиггүй буюу эмгэдийн үлгэрүүдийг бүү зөвшөөр. Өөрийгөө итгэл сүсэгт дасгалжуул. 8 Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий итгэл сүсэг нь бүх зүйлд тустай. 9 Энэ нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөх зохист үг мөн. 10 Учир нь бид үүний төлөө зүдэж зүтгэн, тэмцдэг. Яагаад гэвэл бүх хүний, ялангуяа итгэгчдийн Аврагч болох амьд Бурханд бид найддаг. 11 Эдгээрийг тушаа, заа. 12 Хэн ч чамайг залуу гэж дорд бүү үзэг. Харин чи итгэгчдэд үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариунаараа үлгэр дуурайл бол. 13 Намайг очтол Бичвэрийн уншлага, ятгалга ба сургаалдаа анхаар. 14 Ахлагчид гар тавихад эш үзүүллэгээр дамжин чамд соёрхогдсон бэлгийг бүү үл хайхар. 15 Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий байхын тулд эдгээрт санаа тавьж өөрийгөө зориул. 16 Өөртөө ба сургаалдаа анхаар. Эдгээрт туйлбартай бай. Учир нь ингэснээр чи өөрийгөө болон сонсогчдоо хэн хэнийг нь аварна.