Есүс соригдсон нь

(Мт 4:1–11; Мк 1:12–13)

4 Есүс Ариун Сүнсээр дүүрч Иорданаас буцаж цөлд Сүнсээр хөтлөгдөн, дөчин өдрийн турш диаволд соригджээ. Тэр өдрүүдэд юу ч идээгүй ба тэдгээрийг гүйцэхэд Тэрээр ихэд өлсжээ. Диавол Түүнд

—Чи Бурханы Хүү мөн аваас энэ чулууг талх бол гэж тушаа гэв. Есүс

—“Хүн зөвхөн талхаар амьдардаггүй” гэж бичигдсэн байдаг гэлээ. Дараа нь тэр Түүнийг дээш аваачаад, хоромхон зуур ертөнцийн бүх хаанчлалыг үзүүлэв. 6 Тэгээд диавол, Түүнд

—Энэ бүх эзэмшил болон эдгээрийн сүр хүчийг би Чамд өгье. Учир нь энэ бүгд надад өгөгдсөн юм. Би хүсвэл хэнд ч үүнийг өгч чадна. Тиймээс Чи надад мөргөвөөс, энэ бүгд Чинийх болно гэхэд 8 Есүс, түүнд

—“Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг гэв. Тэр Түүнийг Иерусалимд аваачин, сүмийн орой дээр зогсоогоод, түүнд

—Чи Бурханы Хүү мөн юм бол эндээс доош үсэр.

10 “Тэрээр тэнгэрэлч нартаа

Чамайг хамгаалах талаар тушаана.”

11 “Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ

Тэд гар дээрээ Чамайг өргөөд явна”

гэж бичигдсэн байдаг шүү дээ гэсэнд 12 Есүс

—“Бурхан Эзэнээ бүү сорь” гэж бас айлдсан байдаг гэлээ.

13 Диавол хамаг сорилтоо бараад, тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ.

Есүс үйлчлэлээ эхлэв

(Мт 4:12–17; Мк 1:14–15)

 14 Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа. 15 Тэр синагогуудад нь сургаал зааж эхэлсэн агаад бүгд Түүнийг магтан шагшицгааж байв.

Назарт Есүсийг голсон нь

(Мт 13:53–58; Мк 6:1–6)

 16 Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо. 17 Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн хэсгийг олоод

18 —Над дээр Эзэний Сүнс байна.

Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд

Намайг Эзэн тосолсон юм.

Тэр Намайг илгээсэн нь

Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах,

Сохруудад хараа оруулах,

Дарамтад байгсдыг

чөлөөлөхийн сацуу,

19 Эзэний тааламжит жилийг

тунхаглахын тулд болой

гэж уншаад, 20 номоо хуйлж харгалзагчид эргүүлэн өгөөд, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг ширтэн байлаа. 21 Тэр тэдэнд

—Энэхүү Бичвэр өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав. 22 Бүгд Түүний тухай сайнаар ярьж, амнаас нь гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд

—Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа. 23 Тэр тэдэнд

—“Эмч ээ, өөрийгөө анагаа” гэх зүйрлэлийг та нар Надад хэлж, Капернаумд үйлдсэн гэж бидэнд сонсогдсон бүхнээ энд, төрөлх хотдоо бас үйлдээч гэх байх л даа гээд, 24 Тэр

—Үнэнээр Би та нарт хэлье. Нэг ч эш үзүүлэгч төрөлх хотдоо хүндлэгддэггүй. 25 Харин Би та нарт үнэнээр хэлье. Елиагийн өдрүүдэд гурван жил зургаан сарын турш тэнгэр хаагдан бүх газар их өлсгөлөн болох үед Израильд бэлэвсэн эмэгтэйчүүд олон байсан. 26 Гэсэн хэдий ч Елиа тэдний хэнд нь ч бус зөвхөн Сидон нутгийн Зарефатын нэгэн бэлэвсэн эмэгтэйнд илгээгджээ. 27 Мөн эш үзүүлэгч Елишагийн үед Израильд уяман өвчтэй байсан олон хүнээс нэг нь ч цэвэршээгүй атал зөвхөн Сирийн Нааман гэгч цэвэршжээ гэв. 28 Синагогт байгсад бүгд үүнийг сонсоод уур хилэнгээр дүүрч, 29 босон харайж, Есүсийг хотоосоо гаргажээ. Тэгээд Түүнийг цохионоос түлхэн унагахаар толгодын оройд авчрав. Тэдний хот тэнд баригдсан ажээ. 30 Харин Тэр тэдний дундуур өнгөрч, замаараа одлоо.

Бузар сүнстэй хүн

(Мк 1:21–28)

 31 Тэрээр уруудан явж, Галилын Капернаум хотод ирээд, Амралтын өдөр хүмүүст сургаал зааж байлаа. 32 Түүний сургаал эрх мэдэлтэй байсан тул тэд сургаалыг нь гайхаж байлаа. 33 Синагогт чөтгөрийн бузар сүнсэнд эзэмдүүлсэн нэгэн хүн байсан агаад тэр чанга дуугаар чарлан

34 Хүүе, Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг би мэднэ гэхэд 35 Есүс түүнийг зандарч,

—Дуугүй бай. Түүнээс гар! гэв. Тэгтэл чөтгөр түүнийг хүмүүсийн дунд унагаагаад, гэмтээлгүйгээр түүнээс гарч одов. 36 Бүгд гайхаж, өөр хоорондоо

—Энэ юун сургаал вэ? Тэр эрх мэдэл хийгээд хүчээр бузар сүнснүүдэд тушаахад тэд гарцгаах юм гэж ярилцаж эхлэв. 37 Түүний тухай зар хавийн бүх газраар тархаж байлаа.

Симоны гэрт эдгээсэн нь

(Мт 8:14–17; Мк 1:29–34)

38 Есүс босож, синагогаас гараад, Симоны гэрт ороход хадам эх нь маш их халуунтай шаналж байжээ. Тэд Симоны хадам эхийн төлөө Түүнээс гуйв. 39 Есүс хадмынх нь дэргэд зогсоод, халууныг зандрахад халуун нь буужээ. Тэр эмэгтэй босоод тэдэнд үйлчлэв. 40 Элдвийн өвчтэй хүмүүсийг нар жаргах үеэр Есүст авчирсанд Тэр хүн бүр дээр гараа тавин тэднийг эдгээж байлаа. 41 Чөтгөрүүд олон хүнээс

—Та бол Бурханы Хүү мөн хэмээн хашхиран гарч байв. Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан тул Тэр тэднийг загнаад тэдэнд ярихыг зөвшөөрөхгүй байлаа.

Синагогуудад сургаалаа айлдав

(Мк 1:35–39)

42 Үүр цайх үеэр Есүс явж, зэлүүд газар очсон боловч олон түмэн Түүнийг хайж байв. Тэгээд тэд Түүн дээр ирж, Есүсийг явуулахгүй байхыг хичээцгээж байлаа. 43 Харин Тэр тэдэнд

—Би өөр хотуудад ч бас Бурханы хаанчлалын сайнмэдээг хүргэх учиртай. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн билээ гэв. 44 Тэр Иудейн синагогуудад тунхагласаар байлаа.