Сургаалт зүйрлэл:

Бэлэвсэн эмэгтэй, шүүгч хоёр

18 1 Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд Тэр ийм нэг сургаалт зүйрлэл айлдав.

Нэгэн хотод Бурханаас үл эмээдэг, хүмүүсийг ч эс хүндэлдэг шүүгч байжээ. Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй, шүүгчид очиж “Арцалдагчаас минь намайг өмгөөлөөч” гэдэг байлаа. Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө “Хэдийгээр би Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй нь. Түүнийг өмгөөлөхөөс, эс тэгвээс тэр ирж үргэлж надад төвөг удах вий” гэжээ. Тэгээд Эзэн

—Шударга бус шүүгчийн юу хэлснийг сонс. Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү? Би та нарт хэлье. Тэр даруйд Бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин Хүний Хүү ирэхдээ газар дээр итгэл олох болов уу? гэжээ.

Сургаалт зүйрлэл:

Фарисай ба татвар хураагч

 Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан энэ сургаалт зүйрлэлийг айлдав.

10 Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ. 11 Фарисай хүн зогсоод өөртөө залбиран “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай биш, энэ татвар хураагч шиг ч биш. 12 Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг” гэв. 13 Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэв. 14 Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.

Есүс хүүхдүүдийг ерөөв

(Мт 19:13–15; Мк 10:13–16)

 15 Хүмүүс Есүсээр нялх хүүхдүүддээ гар хүргүүлэхээр Түүн дээр авчрахыг нь харсан шавь нар тэднийг зандрахад 16 Есүс тэднийг дуудаад,

—Хүүхдүүдэд зөвшөөр. Над дээр тэдний ирэхийг нь бүү хоригло. Учир нь Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм. 17 Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй нь тийш ер орохгүй гэжээ.

Баян удирдагч

(Мт 19:16–30; Мк 10:17–31)

 18 Нэгэн удирдагч Түүнээс

—Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх ёстой вэ? гэж асуув. 19 Есүс түүнд

—Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. 20 “Чи бүү завхайр, хүн бүү ал, бүү хулгайл, худал хуурмаг бүү гэрчил, эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэнд 21 тэр

—Би энэ бүхнийг бага залуугаасаа л сахисан гэв. 22 Үүнийг сонсоод Есүс түүнд

—Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. 23 Харин тэр үүнийг сонсоод ихэд гунигтай болов. Учир нь тэр маш баян байжээ. 24 Есүс түүнийг хараад,

—Хөрөнгөтэй нь Бурханы хаанчлалд орох юутай бэрх вэ! 25 Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний нүхээр нэвтрэх нь илүү хялбар гэж айлдсаныг нь 26 сонссон хүмүүс

—Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээсэнд 27 Есүс

—Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэв. 28 Петр

—Хараач, бид өөрсдийн юмсыг орхиод Таныг дагасан гэхэд 29 Тэр тэдэнд

—Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Бурханы хаанчлалын төлөө гэр орон, эхнэр, ах дүүс, эцэг эх ба хүүхдүүдээ орхино, 30 тэр энэ үед өчнөөн дахинаар хүлээн авч, ирэх үед мөнх амийг ч хүлээн авна гэв.

Есүс үхэлээ гурав дахиа тунхаглав

(Мт 20:17–19; Мк 10:32–34)

 31 Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд

—Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. 32 Хүний Хүү харийнхны гарт тушаагдахад, тэд Түүнийг доромжилж, нулимж, 33 ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдрөө Тэр амилан босох болно гэж айлдав. 34 Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Үгс нь тэднээс нууцлагдсан байсан тул айлдсаныг нь тэд ойлгоогүй ажээ.

Сохор гуйлгачинг эдгээв

(Мт 20:29–34; Мк 10:46–52)

 35 Түүнийг Иериход ойртон ирэх үед нэгэн сохор хүн гуйлга гуйн замын хажууд сууж байв. 36 Хажуугаар нь өнгөрөх олны дууг сонсоод, тэр юу болоод байгааг лавлажээ. 37 Назарын Есүс явааг хүмүүс түүнд хэлэв. 38 Тэгтэл мөнөөх сохор хүн

—Давидын Хүү, Есүс ээ! Намайг өршөөгөөч! гэхэд 39 түрүүнд нь явагсад дуугүй байхыг түүнд хатуу анхааруулсанд тэр улам чангаар

—Давидын Хүү, намайг өршөөгөөч! гэж хашхирав. 40 Есүс зогсож, түүнийг Өөр дээр нь авчрахыг тушаав. Сохор эрийг ирмэгц Тэр түүнээс

41 Өөрийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ? гэсэнд тэр

—Эзэн, намайг дахин хардаг болгооч гэхэд 42 Есүс түүнд

—Чи дахиад хараатай бол. Итгэл чинь чамайг аварлаа гэв. 43 Тэрээр тэр даруй дахин хараа орж, Бурханыг алдаршуулсаар Түүнийг дагав. Үүнийг харсан олон түмэн бүгдээрээ Бурханыг магтацгаалаа.