Есүсийн амилал

(Мт 28:1–10; Мк 16:1–8; Иох 20:1–10)

24 Харин долоо хоногийн эхний өдөр, эрт үүрээр тэд булшин дээр ирэхдээ, бэлдсэн анхилуун үнэртнээ авчрав. Булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад дотогш орсон боловч Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй. Ийнхүү тэднийг хэрхэхээ үл мэдэн байтал, үзэгтүн, гэрэлтсэн хувцастай хоёр хүн гэнэт тэдний хажууд зогсож байлаа. 5 Мөнөөх эмэгтэйчүүд айн сандарч нүүрээ газар хүртэл бөхийлгөсөнд тэд

—Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ? Тэр энд байхгүй, Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа. Хүний Хүү нүгэлт хүмүүсийн гарт тушаагдаж, цовдлогдоод гурав дахь өдөр нь амилах ёстой гэсэн шүү дээ? гэжээ. Тэд Түүний үгийг санан булшнаас буцаж ирээд арван нэгт нь болон үлдсэн бүгдэд энэ бүхнийг мэдэгджээ. 10 Тэд бол Магдалын Мариа, Иоанна, Иаковын эх Мариа нар мөн тэдэнтэй хамт байсан бусад эмэгтэйчүүд байв. Тэд элч нарт энэ тухай хэлсэнд 11 тэдний хэлсэн үгс нь тэдэнд хоосон хов жив мэт байсан тул тэд эмэгтэйчүүдэд итгэхгүй байлаа. 12 Харин Петр босон булш уруу гүйв. Зогсоод дотогш харахад зөвхөн маалинган даавуу л үзэгджээ. Тэр болсон явдалд гайхсаар гэр уруугаа буцлаа.

Еммау тосгон хүрэх замд

(Мк 16:12–13)

 13 Үзэгтүн, тэр өдөр тэдний хоёр нь Иерусалимаас жаран стадиа зайтай байдаг Еммау хэмээх тосгон уруу явж байжээ. 14 Тэд болсон бүх зүйлийн талаар өөр хоорондоо ярьж байв. 15 Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал, Есүс Өөрөө тэдний дэргэд ирээд, цугтаа алхав. 16 Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй. 17 Есүс тэдэнд

—Та нар бие биентэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ? гэсэнд тэд зогсов. Тэд гунигтай байлаа. 18 Тэдний нэг, Клеоп гэгч Түүнд

—Энэ өдрүүдэд болсон явдлын тухай мэдээгүй хүн гэвэл Иерусалимд түр байгсдын дунд Танаас өөр байхгүй л болов уу? гэхэд 19 Тэр тэдэнд

—Юу тэр билээ? гэв. Тэгтэл тэд Түүнд

—Назарын Есүсийн тухай юм. Тэр Бурханы өмнө, бүх ард олны өмнө үг ба үйлсдээ хүчирхэг эш үзүүлэгч байсан юм. 20 Түүнд манай захирагчид болон ахлах тахилч нар үхлийн ял тулгаж Түүнийг цовдолсон. 21 Гэтэл Израилийг аврах гэж байсан Нэгэн мөн гэж бид Түүнд найдаж байв. Энэ бүхнээс гадна, энэ явдлаас хойш гурван өдөр боллоо. 22 Харин манай эмэгтэйчүүдийн зарим нь биднийг гайхахад хүргэв. Тэд өглөө эрт булшин дээр очоод, 23 Түүний цогцсыг олсонгүй. Тэгээд буцаж ирээд, Түүнийг амьд гэж хэлсэн тэнгэрэлч нарын үзэгдлийг харснаа бидэнд ярилаа. 24 Бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булш уруу явж, эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байхыг харжээ. Тэд Түүнийг олж хараагүй гэхэд 25 Есүс

—Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтнүүд ээ! 26 Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү? гэв. 27 Тэгээд Тэр, Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав. 28 Тэд зорьж явсан тосгондоо ойртох үед Тэр цаашаа явах гэж байгаа мэт байв. 29 Тэд Түүнийг ятган

—Бидэнтэй хамт байгаач. Нар хэдийнээ хэвийж орой болж байна гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй байхаар болж, гэрт оров. 30 Тэгээд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж, талх авч, ерөөгөөд хувааж тэдэнд өгөв. 31 Тэдний нүд нээгдэж, Түүнийг танив. Есүс нүдэнд нь харагдахгүй алга болжээ. 32 Тэд нэг нэгэндээ

—Замд Тэр бидэнтэй ярилцаж, Бичвэрийг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу? гээд, 33 тэр даруй босож, Иерусалим уруу буцав. Тэд өнөөх арван нэг болон хамт байгсдыг нь цугтаа байхыг хараад, 34 тэдний

—Эзэн үнэхээр амилсан байна. Симонд харагджээ гэж хэлэхийг сонсоод, 35 замд болсон бүхнээ болон талх хуваахад нь Түүнийг хэрхэн таньсан зэргээ ярив.

Шавь нартаа үзэгдэв

(Мт 28:16–20; Мк 16:14–18; Иох 20:19–23; Үйл 1:6–8)

 36 Тэд ийнхүү ярьж байтал Тэр Өөрөө дунд нь зогсож байлаа. Тэр тэдэнд

—Амар амгалан та нарт байх болтугай гэв. 37 Гэвч тэд цочирдон айдсаар дүүрсэндээ, сүнс үзэгдэв хэмээн боджээ. 38 Есүс тэдэнд

—Та нар юунд сандарч, зүрхэнд чинь эргэлзээ төрнө вэ? 39 Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв. 40 Тэр үүнийг айлдаад, тэдэнд гар, хөлөө үзүүлэв. 41 Тэд баярлан гайхсандаа итгэж ядан байхад нь Есүс тэднээс

—Та нарт идэх юм байна уу? гэж асуухад 42 тэд хэсэг хайрсан загас Түүнд өгөв. 43 Тэр загасыг авч, тэдний өмнө иджээ. 44 Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав.

—Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гээд, 45 Бичвэрийг ухааруулахын тулд оюун ухааныг нь нээв. 46 Есүс тэдэнд хандаж

—“Христ зовлон эдэлж, гурав дахь өдрөө үхэгсдээс амилах болно. 47 Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүгэл уучлагдах гэмшил тунхаглагдах ёстой” гэж бичигдсэн юм. 48 Энэ бүхний гэрч нь та нар мөн. 49 Харагтун, Би Эцэгийнхээ амласныг та нарт илгээнэ. Харин та нар дээрээс ирэх хүчийг өмстлөө энэ хотдоо үлд гэжээ.

Есүс өргөгдсөн нь

(Мк 16:19–20; Үйл 1:9–11)

 50 Тэр тэгээд Бетан хүртэл тэднийг гадагш дагуулан яваад мутраа өргөн тэднийг ерөөв. 51 Тийнхүү ерөөж байхдаа Тэр нөгөөдүүлээс холдож, тэнгэр өөд өргөгдөв. 52 Тэд Түүнд мөргөөд үлэмж баяр хөөртэйгөөр Иерусалимд буцан ирж 53 сүмд байнга байж, Бурханыг магтсаар байв.