5 1 Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулганд бүү орогтун.

Христитгэлийн эрх чөлөө

  2 Харагтун. Хэрэв та нар хозлуулвал Христ та нарт ямар ч тус болохгүйг Паул би хэлж байна. 3 Хозлолыг хүлээн авсан хүн бүрд би дахин гэрчилье. Тэр хүн бүх хуулийг биелүүлэх өртөн мөн. 4 Хуулиар зөвтгөгдөхийг оролдож буй та нар Христээс арилан, нигүүлслээс салж унажээ. 5 Учир нь бид Сүнсээр дамжуулан итгэлээр зөвт байдлын найдварыг хүлээж байна. 6 Хозлуулахуй ба эс хозлуулахуйн аль нь ч Христ Есүс дор хүчингүй, харин хайраар дамжин ажиллаж буй итгэл л чухал юм. 7 Та нар сайн гүйж байсан. Хэн та нарыг үнэнд дуулгавартай байхад чинь саад болсон бэ? 8 Та нарыг дууддаг Түүнээс энэ үзэл бодол ирээгүй. 9 Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь исгэдэг. 10 Та нарыг өөрөөр бодохгүй гэдэгт Эзэн дотор би та нарт итгэж байна. Харин та нарыг үймүүлэгч хэн боловч шийтгэлээ хүртэх болно. 11 Гэвч ах дүү нар аа, хэрэв би хозлолыг тунхагласаар байвал юунд би мөшгөгдөн хавчигдсаар байх билээ? Тэгвэл загалмайн бүдрүүлэх саад нь арилсан хэрэг. 12 Хэрэв болдогсон бол та нарыг үймүүлэгчид өөрсдийгөө агтлаасай. 13 Ах дүү нар аа, та нар эрх чөлөө өөд дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махбодын төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биендээ хайраар үйлчил. 14 Учир нь хууль бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн нь мөн. 15 Хэрэв та нар нэг нэгнээ зуудаг, цөлмөдөг бол та нар бие биенээ хөнөөх вий гэж болгоомжлогтун.

Махбодын үйлс

  16 Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүсэлээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. 17 Учир нь махбод Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юун гэвээс хүссэн юмсыг чинь хийлгэхгүйн тулд махбод, Сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ. 18 Хэрэв та нар Сүнсээр удирдуулдаг бол хуулийн дор эс байна. 19 Харин махбодын үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар тачаал, садарлал, 20 шүтээн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл, 21 атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. Би урьд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй.

Сүнсний үр жимс

   22 Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, 23 дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй. 24 Христ [Есүст] хамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ. 25 Хэрэв бид Сүнсэнд амьд байгаа юм бол мөн Сүнс дотор явцгаая. 26 Бид нэг нэгнээ өдөөн сөрж, өөр зуураа атаархан, сайрхахгүй байцгаая.