Хууль эсвэл итгэл

3 1 Мунхаг галатчууд аа, хэн та нарыг ховсдов? Есүс Христ нүдэн дээр чинь нийтийн өмнө загалмайд цовдлогдсон бус уу? 2 Та нар Сүнсийг хэрхэн хүлээн авсан юм бэ? Хуулийн үйлсээр үү? Эсвэл сонссондоо итгэснээр үү? Зөвхөн үүнийг л та нараас мэдэхийг би хүсэж байна. 3 Та нар тийм мунхаг гэж үү? Сүнсээр эхэлж, одоо та нар махбодоор төгс болгогдож байна гэж үү? 4 Та нарын өчнөөн их юманд зовсон чинь дэмий байсан юм гэж үү? Хэрэв үнэхээр дэмий байсан бол 5 та нарыг Сүнсээр хангаж, та нарын дунд гайхамшгийг үйлддэг Тэрээр үүнийг хуулийн үйлсээр үйлддэг үү эсвэл сонссондоо итгэснээр чинь үйлддэг үү? 6 Яг үүнчлэн Бурханд Абрахам итгэсэн бөгөөд үүгээр нь түүнийг зөвд тооцсон юм. 7 Тиймээс итгэлийн хүмүүс нь Абрахамын хөвгүүд юм гэдгийг мэдэж ав. 8 Бурхан харийнхныг итгэлээр зөвтгөнө гэдгийг Бичвэр урьдаас мэдээд “Бүх харийнхан чамаар ерөөгдөх болно” гэж Абрахамд сайнмэдээг урьдчилан тунхаглажээ. 9 Тиймээс итгэлийнхэн нь итгэгч Абрахамын хамт ерөөгдсөн аж. 10 Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараал доор байдаг. Учир нь “Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлдэггүй, дагадаггүй хүн бүр хараагдсан” гэж бичигджээ. 11 Хэн ч Бурханы өмнө хуулиар зөвтгөгддөггүй гэдэг нь тодорхой. Учир нь “Зөвт хүн итгэлээр амьдарна”. 12 Харин хууль нь итгэлээс биш ч “Тэдгээрийг үйлдэгч нь тэдгээрээр амьдарна.” 13 Христ бидний төлөө хараал болсноороо биднийг хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдсөн хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг. 14 Энэ нь Абрахамын ерөөлийг Христ Есүсээр харийнханд ирүүлэхийн тулд юм. Ингэснээр бид итгэлээрээ Сүнсний амлалтыг хүлээн авах юм.

Абрахамд өгсөн амлалт

    15 Ах дүү нар аа, би хүний ёсоор ярьж байна. Хүний гэрээ байлаа ч гэсэн батлагдсан л бол хүчингүй болгох эсвэл нэмэх нэг ч хүн байхгүй. 16 Тийнхүү амлалтууд нь Абрахамд болон Үрд нь айлдагдсан юм. Тэр “үрст” гэж олны талаар хэлээгүй, харин ганцын тухай “Чиний үр удамд” гэж айлдсан. Тэр бол Христ мөн. 17 Би үүнийг ярьж байна. “Бурханаар урьд нь батлагдсан гэрээг дөрвөн зуун гучин жилийн дараа ирсэн тэр хууль ч хөсөрдүүлдэггүй. Түүнчлэн амлалтыг ч хүчингүй болгодоггүй.” 18 Хэрэв өв залгамжлал нь хуулиас ирдэг юм бол, амлалтаас ирдэггүй гэсэн үг болно. Харин Бурхан үүнийг Абрахамд амлалтаар соёрхсон аж.

Хуулийн зорилго

    19 Тэгвэл юуны тулд хууль байгаа юм бэ? Энэ нь зуучийн гараар тэнгэрэлч нараар дамжин тогтоогдсон агаад амласан мөнөөх үрийг иртэл нүгэл хилэнцийн улмаас нэмэгджээ. 20 Зууч нь ганц талд байдаггүй, харин Бурхан бол ганц. 21 Ингэхлээр хууль [Бурханы] амлалтуудын эсрэг үү? Огт үгүй. Учир нь хэрэв амьд болгох чадалтай хуулийг өгсөн байсан бол зөвт байдал нь үнэхээр хуулиас ирэх байсан. 22 Харин Бичвэр, бүх юм нүглийн дор хоригдсон гэдэг. Энэ нь Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан итгэгчдэд амлалтыг өгөхийн тулд юм. 23 Гэвч итгэл ирэхээс өмнө, бид хожим илчлэгдэх итгэлд хаагдаж, хуулийн дор хорионд байсан билээ. 24 Тиймд бид итгэлээр зөвтгөгдөхийн тулд бидний хувьд хууль нь биднийг Христ уруу хандуулах зааварчлага болов. 25 Харин эдүгээ итгэл ирсэн тул бид цаашид зааварчлагын дор байхаа болив. 26 Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ. 27 Христэд баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм. 28 Иудей ч, грек ч гэж байхгүй, боол ч, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой. 29 Хэрэв та нар Христийнх юм бол та нар Абрахамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн.