Паул ба бусад элч нар

 2 1 Тэгээд арван дөрвөн жилийн дараа би Барнабын хамт Титийг мөн авч, дахин Иерусалим уруу явав. 2 Илчлэлийн дагуу би тийшээ явсан юм. Харийнхны дунд тунхагладаг сайнмэдээг би тэдэнд, ялангуяа нэр хүндтэй хүмүүст хувьчлан хэлсэн. Учир нь би дэмий гүйх буюу гүйсэн байх вий гэсэндээ тэгсэн юм. 3 Харин надтай хамт байсан Тит хэдийгээр грек боловч, түүнийг хозлуул гэж албадсангүй. 4 Харин ингэсэн нь биднийг боолчлохын тулд Христ Есүс дотор бидэнд байгаа эрх чөлөөг минь тагнахаар шургалсан хуурамч ах дүү нараас болсон юм. 5 Гэвч бид тэдний эрхэнд хормын зуур ч ороогүй. Ингэснээр сайнмэдээний үнэн нь та нарт үлдэх юм. 6 Харин нэр хүндтэйчүүдээс (тэдний хэн байсан нь надад огт хамаагүй. Бурхан нүүр царайг хардаггүй) надад олдож нэмэгдсэн зүйл байгаагүй. 7 Харин ч эсрэгээрээ, хозлуулагсдын төлөөх сайнмэдээ Петрт даалгагдсан шиг хозлуулаагүйчүүдийнх нь төлөөх сайнмэдээ надад даалгагдсаныг хараад, 8 (Учир нь Петрийг хозлуулагсдын төлөөх элч болгон дотор нь ажилласан Тэрээр мөн намайг харийнхны төлөөх элч болгон миний дотор ч идэвхтэй ажилласан) 9 надад өгсөн нигүүлслийг мэдээд, багана гэгддэг Иаков, Кеф болон Иохан нар надад болоод Барнабт нөхөрлөлийн баруун гараа сунгасан юм. Ингэснээр бид харийнхан уруу, тэд хозлуулагсад уруу явах юм. 10 Бидэнд ядуусыг санаж байгаарай гэсэн нь чухамдаа хийхийг эрмэлздэг зүйл минь юм.

Петрийг Паул зэмлэсэн нь

    11 Харин Кефийг Антиохт ирэхэд би түүнийг нүүрэн дээр нь эсэргүүцэв. Учир нь тэр буруутан болоод байлаа. 12 Иаковын хэдэн хүнийг ирэхээс өмнө харийнхантай хооллодог байсан атлаа тэднийг ирэхэд тэр хозлуулагсдаас цэрвэж, харийнхнаас холдон зай барьсан юм. 13 Бусад иудейчүүд ч түүний хамт хоёр нүүр гаргацгаасан. Түүнчлэн Барнаб хүртэл хоёр нүүрт байдалд нь автсан юм. 14 Харин би сайнмэдээний үнэнээр цэх шулуун явахгүй байгаа тэднийг хараад, бүгдийн өмнө Кефт “Чи иудей байж, иудей шиг биш, харин харьтан шиг амьдардаг атлаа яагаад харийнхныг иудейн маягаар амьдар гэж албадна вэ?” гэж хэлсэн.

Иудейчүүд ч харийнхан ч итгэлээр аврагддаг

   15 Бид төрөлхийн иудейчүүд бөгөөд нүгэлт харийнхан биш. 16 Гэлээ ч бид аливаа хүн хуулийн үйлсээр бус, харин Христ Есүст итгэх итгэлээр зөвтгөгддөгийг мэднэ. Тиймээс бид хуулийн үйлсээр бус, харин Христэд итгэх итгэлээр зөвтгөгдөхийн тулд Христ Есүст итгэсэн шүү дээ. Яагаад гэвэл хуулийн үйлсээр зөвтгөгдөх махбод гэж үгүй. 17 Хэрэв бид Христийн дотор зөвтгөгдөхийг эрмэлзэх зуураа өөрсдөө нүгэлтнүүд болох нь илэрхийлэгдвэл энэ нь Христ нүгэлд үйлчлэгч гэсэн үг үү? Огт үгүй. 18 Гэхдээ, хэрэв би нэгэнт устгасан юмаа дахиж босговол зөрчигч гэж өөрийгөө баталж байгаа хэрэг болно. 19 Учир нь Бурханд амьд байхын тулд би хуульд хуулиар үхсэн. Би Христтэй хамт цовдлогдсон. 20 Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм. 21 Би Бурханы нигүүлслийг хөнгөн үзэхгүй. Хэрэв зөвт байдал нь хуулиар ирдэг бол Христ дэмий үхсэн аж.