3 Тэгээд Тэр надад

—Хүний хүү, өмнөх юмаа ид. Энэ хуйлмал номыг идээд явж, Израилийн гэрт мэдүүл гэв. Тиймээс би амаа нээж, Тэр надад энэ хуйлмал номыг идүүлсэн. Тэр надад

—Хүний хүү, Миний чамд өгч буй энэ хуйлмал номыг ходоодондоо хийж, гэдсээ цатгагтун гэв. Тэгээд би түүнийг идсэнд тэр нь миний аманд бал мэт чихэрлэг байв. Тэгээд Тэр надад

—Хүний хүү, Израилийн гэр уруу очиж үгсээр минь тэдэнд хэл. Чи, ойлгомжгүй яриатай эсвэл хэцүү хэлтэй ард түмэн уруу илгээгдээгүй. Харин Израилийн гэр уруу илгээгдэж байна. Чи үгийг нь ойлгож чадахгүй, ойлгомжгүй яриатай эсвэл хэцүү хэлтэй олон ард түмэн уруу илгээгдэж буй бус, харин чамайг сонсох ёстой хүмүүс уруу Би чамайг илгээсэн. Гэсэн ч Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр Израилийн хамаг гэр зөрүүд, гөжүүд юм. Харагтун, Би нүүрийг чинь тэдний нүүр адил хатуу болгон духыг чинь тэдний дух адил хатуу болгосон. Би духыг чинь цахиураас ч хатуу, алмаас мэт болгосон. Тэд хэдийгээр тэрслүү гэр боловч тэднээс бүү ай, өмнө нь бүү сүрд гэв. 10 Тэгээд Тэр надад

—Хүний хүү, Миний чамд хэлэх бүх үгийг минь чи зүрхэндээ авч, чихээрээ сонс. 11 Цөлөгдөгсөд уруу, ард түмнийхээ хөвгүүд уруу явж тэдэнд ярь. Тэд сонссон ч, эс сонссон ч “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна” гэж тэдэнд хэл гэв.

Езекиел, Хебар голын дэргэд

12 Дараа нь Сүнс намайг өргөсөнд миний ард

—ЭЗЭНий цог жавхлан Өөрийн газарт магтагдах болтугай гэсэн нижигнэсэн их дууг би сонсов. 13 Тэгээд би хоорондоо шүргэлцэх амьд биетүүдийн далавчны дууг, тэдний дэргэдэх дугуйнуудын дууг, бүр их нижигнэсэн дуу чимээг сонсов. 14 Тиймээс Сүнс намайг өргөж, зайлуулан авав. Би сүнснийхээ уур хилэн дотор гасалж явлаа. ЭЗЭНий мутар миний дээр хүчтэй байв. 15 Тэгээд би Тел-абиб дахь Хебар голын дэргэд амьдарч байсан цөлөгдөгсөд уруу ирж, амьдран сууж байсан газарт нь, дунд нь долоо хоног цочирдож хөшсөн байдалтай суув.

16 Долоо хоногийн эцэст ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа

17 Хүний хүү, Би чамайг Израилийн гэрт харуулаар өглөө. Чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл. 18 Би буруутад “Чи заавал үхнэ” гэж айлдах үед хэрэв чи түүнд сэрэмжлүүлэхгүй эсвэл амьд байхын төлөө буруу замаасаа эргэхийг нь түүнд сэрэмжлүүлж хэлэхгүй аваас тэрхүү буруут нь хилэнц дотроо үхэх болно. Харин түүний цусыг Би чиний гараас нэхнэ. 19 Гэвч чи буруутад сэрэмжлүүлсэн ч тэрээр гэм буруугаасаа, буруу замаасаа эргэхгүй аваас тэрээр хилэнц дотроо үхэх болно. Харин чи амиа аварсан билээ. 20 Дахиад, хэрэв зөвт нэгэн зөвт байдлаасаа эргэж гажуудал үйлдэх бөгөөд Би түүний өмнө бүдрэх чулуу тавих аваас тэр үхэх болно. Чи түүнд сэрэмжлүүлээгүй учир тэрээр нүглийнхээ дотор үхэж, түүний үйлдсэн зөв үйлс ч дурсагдахгүй. Гэвч түүний цусыг Би гараас чинь нэхнэ. 21 Харин чи зөвт нэгэнд, нүгэл үйлдэх ёсгүйг сэрэмжлүүлээд, тэр нь нүгэл эс үйлдэх аваас тэр хүн сэрэмжлүүлгийг авсан учир үнэхээр амьд үлдэнэ. Чи ч амиа аварсан гэв.

Езекиел тусгаарлагдан хэлгүй болов

 22 Тэнд ЭЗЭНий мутар миний дээр байж, Тэр надад

—Бос, тал уруу гарч яв. Тэнд Би чамд айлдана гэв. 23 Тиймээс би босож, тал уруу гарч явав. Харагтун, Хебар голын дэргэд миний үзсэн цог жавхлантай адил ЭЗЭНий цог жавхлан тэнд зогсож байв. Би нүүрээрээ унав. 24 Тэгээд Сүнс над уруу орж, намайг хөл дээр минь босгов. Тэр надтай ярьж, айлдсан нь

—Явж, өөрийгөө гэртээ түгж. 25 Хүний хүү чиний хувьд, тэд чамд олс хийж, чамайг түүгээр хүлэх болно. Ингэснээр чи дундаас нь гарч явж чадахгүй болох юм. 26 Үүнээс гадна, Би чиний хэлийг тагнайд чинь наалдуулна. Ингэснээр чи хэлгүй болж, тэднийг зэмлэдэг хүн байж чадахгүй болох юм. Учир нь тэд тэрслүү гэр юм. 27 Гэвч Би чамд айлдах үедээ амыг чинь нээж, чи тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна” гэж өгүүлэх болно. Сонсогч нь сонсог, татгалзагч нь татгалзаг. Учир нь тэд тэрслүү гэр юм.