Египет ба фараоны төлөөх харуусал

32 1 Арван хоёр дахь оны арван хоёрдугаар сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж

Хүний хүү чи, Египетийн хаан Фараоны төлөө гашуудлын дууг дуулан тэдэнд

“Чи өөрийгөө үндэстнүүдийн

 залуу арслантай харьцуулсан.

Гэтэл чи далайн мангастай адил

 юм.

Чи урсгалуудаа сөрөн

Усыг хөлөөрөө булингартуулж,

Голуудыг нь бохиртуулав” гэж хэл.

3 Эзэн БУРХАН ингэж айлдаж

 байна.

«Одоо Би олон ард түмний

 чуулгантай хамт

Чиний дээр тороо хаяж,

Тэд чамайг тороор минь дээш

 татах болно.

Би чамайг газарт хаяж, хээр тал

 уруу хөөнө.

Би тэнгэрийн бүх шувууг чам дээр

 оршоон

Бүх газрын араатнуудыг чамаар

 цатгах болно.

Махыг чинь уулсын дээр тавьж,

Хүүрүүдээр чинь хөндийнүүдийг

 дүүргэх болно.

6 Би бас уулсад тултал нь чамаас

 гоожсон цусыг

Газарт уулгах болно.

Жалганууд ч чамаар дүүрэх болно.

7 Би чамайг сөнөөх цагт

Тэнгэрийг халхалж, оддыг нь

 бөхөөнө.

Би нарыг үүлээр далдлан

Сар ч гэрлээ өгөхгүй.

8 Огторгуйд гэрэлтэгч хамаг

 гэрлийг

Би чам дээр харанхуй болгож,

Газарт чинь харанхуйг тогтоох болно» гэж

Эзэн БУРХАН тунхаглаж байна.

9 «Би үндэстнүүдийн дунд,

Чиний мэдэхгүй газруудад

Сүйрлийг чинь аваачих үедээ

Үй олон ард түмний зүрхийг

 зовоох болно.

10 Би олон ард түмнийг чамаар

балмагдуулна.

Би илдээ тэдний өмнөөс далайхад

Хаад нь ч чамаас болж салгална.

Чиний уналтын өдөр хүн бүр

 амийнхаа төлөө

Мөч бүрд тэд айн чичрэх болно»

11 Учир нь Эзэн БУРХАН ингэж

 айлдаж байна.

«Вавилоны хааны илд нь

 чам дээр бууна.

12 Хүчтэнүүдийн илдээр Би

Олон түмнийг чинь унагах болно.

Тэд бүгд үндэстнүүдийн харгис хүмүүс нь билээ.

Тэд Египетийн бахархлыг

 сүйтгэж,

Түүний хамаг ард олон нь

 устгагдах болно.

13 Бүх үхэр сүргийг нь Би бас

Их усны дэргэдээс устгах болно.

Хүний хөл нь усыг дахин үл

 булингартуулна.

14 Тэгээд Би усыг нь тогтуун болгож,

Голуудыг нь тос мэт урсгах болно»

гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

15 «Би Египетийн нутгийг хоосруулж, дүүрч байсан юмсаасаа тэр газар хоосорч, дээр нь амьдардаг бүхнийг устгах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 16 Энэ нь гашуудал, тэд үүнийг дуулах ёстой. Үндэстнүүдийн охид үүнийг дуулах ёстой. Египет ба хамаг олон түмнийх нь төлөө тэд үүнийг дуулах ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Египетийн төлөөх гашуудал

17 Арван хоёрдугаар оны тэр сарын арван таванд ЭЗЭНий үг надад ирж

18 «Хүний хүү! Египетийн олон түмний төлөө гасал. Түүнийг ба хүчирхэг гүрнүүдийн охидыг нүхэнд орогсодтой хамт доод ертөнцөд буулга.

19 “Чи үзэсгэлэнгээрээ хэнээс давуу

вэ?

Доош явж, хозлуулаагүй

хүмүүстэй хамт ороо зас”

 20 Тэд илдэнд алагдагсдын дунд унах болно. Тэр улс илдэнд тушаагдсан. Тэд түүнийг ба бүх олон түмнийг нь аваад явсан. 21 Хүчтэнүүдийн дундах хүчтэн нь Үхэгсдийн орны дундаас тэр улс ба туслагчдынх нь тухай “Тэд доош явсан, тэд илдэнд алагдсан хозлуулаагүй хүмүүстэй хамт хөдөлгөөнгүй хэвтэж байна” гэж ярина. 22 Ассири ба түүний хамтрагчид тэнд байна. Булшнууд нь түүний эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан билээ. 23 Булшнууд нь нүхний хамгийн цаад мухарт, хамтрагчид нь булшных нь эргэн тойронд байна. Амьдын газарт айдсыг тараагч тэд бүгд алагдаж, илдэнд унасан байна. 24 Елам тэнд, хамаг олон түмэн нь булшных нь эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад, илдэнд унасан, хозлуулаагүй хүмүүс юм. Тэд газрын хамгийн доод хэсэгт очсон. Амьдын газарт тэд айдсыг төрүүлэгчид юм. Тэд нүхэнд орогсодтой хамт ичгүүрээ үүрсэн. 25 Тэд түүнд зориулан бүх олон түмэнтэй нь хамт алагдагсдын дунд ор зассан. Булшнууд нь үүнийг тойрон байна. Тэд бүгд хозлуулаагүй, илдэнд алагдсан. Хэдийгээр тэд амьдын газарт айдсыг төрүүлсэн боловч тэд нүхэнд орогсодтой хамт ичгүүрээ үүрсэн. Тэд алагдагсдын дунд тавигдав. 26 Мешех, Тубал болон бүх олон түмэн нь тэнд байгаа. Булшнууд нь тэднийг хүрээлж байна. Тэд бүгд хэдийгээр амьдын газарт айдсыг төрүүлж байсан ч илдэнд алагдсан хозлуулаагүй хүмүүс билээ. 27 Толгой доороо илднүүдээ дэрлэж, дайтах зэвсэгтэйгээ Үхэгсдийн орон уруу явсан, хозлуулаагүй унасан хүчтэнүүдийн дэргэд ч тэд хэвтдэггүй. Энэ хүчтэнүүдийн аймшиг нь амьдын газарт байсан хэдий ч хилэнцийнх нь шийтгэл тэдний ясан дээр тавигдсан байна. 28 Гэвч хозлуулаагүй хүмүүсийн дунд чи хэмхчүүлж, илдэнд алагдагсадтай хамт хэвтэх болно. 29 Тэнд бас Едом, хаад нь бас хамаг ноёд нь байна. Тэд чадал бүрэн авч илдэнд алагдагсадтай хэвтсэн. Тэд хозлуулаагүй хүмүүстэй, нүхэнд орогсодтой хамт хэвтэх болно. 30 Тэнд бас умардын тэргүүнүүд бүгдээрээ мөн чадлаас нь гарсан аймшгийг үл хайхарсан, ичгүүр дотор алагдагсадтай хамт доошоо буусан сидончууд бүгд байна. Тийнхүү тэд хозлуулаагүй хүмүүс, илдэнд алагдагсадтай хамт хэвтэж, нүхэнд орогсодтой хамт ичгүүрээ үүрсэн. 31 Фараон тэдгээрийг хараад, илдэнд алагдсан хамаг олон түмэн буюу Фараон ба бүх цэргийнхээ төлөө тайвшрах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 32 «Хэдийгээр Би амьдын газарт түүнээс айх аймшгийг төрүүлсэн ч, Фараон ба хамаг олон түмэн нь хозлуулаагүй хүмүүсийн дунд илдэнд алагдагсадтай хамт хэвтэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.