Итгэл ертөнцийг ялдаг

5 Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүр Бурханаар төрөгч болой. Төрүүлэгчийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгчийг хайрладаг. Бид Бурханыг хайрлаж, тушаалуудыг нь сахихдаа Бурханы хүүхдүүдийг хайрладгаа үүгээр мэднэ. 3 Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих явдал юм. Түүний тушаалууд хүнд дарамт биш билээ. 4 Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг ялсан ялалт нь бидний итгэл болой. 5 Есүс бол Бурханы Хүү гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ?

Бурханы хүүгийн тухай гэрчлэл

6 Энэ бол ус ба цусаар ирсэн нэгэн, Есүс Христ юм. Зөвхөн усаар биш, харин ус ба цусаар аж. Сүнс үнэн тул гэрчлэгч нь Сүнс болой. 7 Гэрчлэгч нь гурав бөгөөд 8 Сүнс, ус болон цус юм. Энэ гурав нь нэг болой. 9 Бид хүний гэрчлэлийг хүлээн авдаг бол Бурханы гэрчлэл илүү агуу юм. Энэ бол Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэл мөн. 10 Бурханы Хүүд итгэдэг нь дотроо гэрчлэлтэй. Бурханд итгэдэггүй нь Түүнийг худалч болгож байна. Учир нь Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэлд тэр итгэсэнгүй. 11 Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх амь өгсөн бөгөөд энэхүү амь Хүүд нь байна. 12 Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй.

Төгсгөл

  13 Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт үүнийг бичлээ. 14 Бид Түүний хүслийн дагуу юу ч гуйсан, Тэр биднийг сонсдог нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. 15 Бид юу ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохоо мэднэ. 16 Хэн нэг нь үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэж байгаа ах дүүгээ харвал, залбиран гуй. Тэгвэл үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэгсдэд амийг Тэр өгнө. Үхэлд хүргэх нүгэл гэж бий. Үүний төлөө залбир гэж би хэлэхгүй. 17 Зүй бус бүхэн нүгэл мөн ч үхэлд хүргэхгүй нүгэл гэж бий. 18 Бурханаар төрсөн хэн боловч нүгэл үйлддэггүйг бид мэднэ. Тэднийг харин Бурханаар төрсөн Тэрээр хамгаалдаг бөгөөд ёрын муу нэгэн тэдэнд хүрэхгүй. 19 Бид Бурханых, харин бүх ертөнц нь ёрын нэгэн дор байдгийг мэднэ. 20 Бурханы Хүү ирээд, бидэнд үнэн Нэгэнийг мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид мэднэ. Бид тэрхүү үнэн Нэгэн болох Түүний Хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх амь билээ. 21 Бяцхан хүүхдүүд ээ, та нар шүтээнүүдээс өөрсдийгөө хамгаалагтун.