Бидний өмгөөлөгч Христ

   2 1 Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэн нэг нь нүгэл үйлдвээс Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн. 2 Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн учир төдийгүй, хамаг ертөнцийн нүглийн учир билээ. 3 Бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ. 4 “Түүнийг би мэднэ” гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нь худалч бөгөөд түүнд үнэн алга. 5 Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ. 6 Түүний дотор оршдог гэж яригч нь Түүний явсанчлан өөрөө бас тийн явах учиртай.

 Шинэ тушаал

   7 Хайртууд минь, би та нарт шинэ тушаалыг бус, харин эхнээсээ та нарт байсан хуучин тушаалыг бичиж байна. Хуучин тушаал нь та нарын сонссон үг юм. 8 Нөгөө талаар, харанхуй нь өнгөрч, жинхэнэ гэрэл хэдийнээ гийгүүлж байгаа тул Түүний болон та нарын дотор үнэн болох шинэ тушаалыг би та нарт бичиж байна. 9 Гэрлийн дотор байдаг гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол одоо хүртэл харанхуй дотор байгаа юм. 10 Ах дүүгээ хайрладаг нь гэрлийн дотор байгаа бөгөөд түүнд бүдрүүлэх шалтгаан байхгүй. 11 Харин ах дүүгээ үзэн ядагч нь харанхуй дотор байгаа бөгөөд харанхуй дотор алхаж, нүдийг нь харанхуй сохолсон тул хаашаа яваагаа ч үл мэднэ. 12 Бяцхан хүүхдүүд ээ, нүгэл чинь Түүний нэрийн учир уучлагдсан тул би та нарт бичиж байна. 13 Эцгүүд ээ, эхнээсээ байгаа Түүнийг та нар мэддэг тул би та нарт бичлээ. Залуус аа, та нар ёрын нэгнийг дийлсэн тул би та нарт бичлээ. 14 Нялхас аа, та нар Эцэгийг мэддэг тул би та нарт бичлээ. Эцгүүд ээ, эхнээсээ байгаа Түүнийг та нар мэдсэн тул би та нарт бичсэн. Залуус аа, та нар хүчтэй, Бурханы үг та нарын дотор байдаг бөгөөд ёрын нэгнийг дийлсэн тул би та нарт бичлээ. 15 Хорвоо хийгээд хорвоогийн юмсад бүү дурла. Хэн нэг нь хорвоод дурладаг бол түүнд Эцэгийн хайр алга. 16 Учир нь хорвоод байгаа бүхэн тухайлбал, махбодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал нь Эцэгээс бус, харин энэ хорвоогоос юм. 17 Хорвоо хийгээд түүний хүсэл тачаал өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлдэгч нь мөнхөд оршму.

Христийг эсэргүүцэгчдийн эсрэг анхааруулга

   18 Нялхас аа, энэ бол сүүлчийн цаг. Антихрист ирж байна гэж та нар сонссончлон, одоо ч гэсэн антихристүүд олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ. 19 Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш. Учир нь тэд биднийх байсан бол, тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэд нар бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм. 20 Харин та нар Ариун Нэгэнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ. 21 Та нар үнэнийг мэдэхгүй тул би бичсэн биш, харин түүнийг мэддэг бөгөөд ямар ч худал нь үнэнээс гардаггүй учир би та нарт бичсэн. 22 Есүс бол Христ гэдгийг үгүйсгэдэг нэгнээс өөр хэн худалч юм бэ? Энэ бол антихрист буюу Эцэгийг болоод Хүүг үгүйсгэгч юм. 23 Хэн Хүүг үгүйсгэнэ түүнд Эцэг байхгүй. Хүүг хэн хүлээн зөвшөөрнө түүнд Эцэг ч бий. 24 Эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байг. Эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байвал, та нар мөн Хүүгийн болоод Эцэгийн дотор байх болно. 25 Энэ бол Түүний бидэнд амласан амлалт болох мөнх амь юм. 26 Та нарыг мэхлэх хүмүүсийн талаар үүнийг би та нарт бичсэн. 27 Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун. 28 Бяцхан хүүхдүүд ээ, одоо та нар Түүний дотор бай. Тэгвэл Түүнийг илчлэгдэхэд бид Түүний өмнө зоригтой байж, Түүнийг ирэхэд өмнө нь ичгүүр үгүй байх болно.

Бурханы хүүхдүүд

   29 Та нар Түүний зөвт гэдгийг мэдвэл, зөвийг үйлдэгч хүн бүр Түүнээс төрсөн гэдгийг бас танина.