3  1 Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол чухам энэ л юм. Биднийг ертөнц таньдаггүй нь Түүнийг таниагүйн учир юм. 2 Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан илчлэгдээгүй. Түүнийг илчлэгдэхэд бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно. 3 Түүнд ийнхүү найдаж байгаа бүхэн Түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг. 4 Нүгэл үйлддэг хүн бүр бас ёс бусыг үйлддэг. Нүгэл бол ёс бус юм. 5 Нүглийг зайлуулахын тулд Тэр илчлэгдсэнийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй. 6 Түүний дотор байгч хэн ч нүгэл үйлддэггүй. Нүгэл үйлддэг хэн ч Түүнийг үзээгүй, мэдээгүй. 7 Бяцхан хүүхдүүд ээ, та нарыг хэн ч бүү мэхлэг. Зөвийг үйлдэгч нь Түүний зөвт байгаачлан зөвт юм. 8 Нүгэл үйлддэг нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү үүнд илчлэгджээ. 9 Бурханаас төрөгч бүр нүгэл эс үйлддэг. Учир нь Бурханы үр түүн дотор оршдог. Тэрээр Бурханаас төрсөн тул нүгэл үйлдэж эс чадна. 10 Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. Зөвийг үйлддэггүй нь ч, ах дүүгээ хайрладаггүй нь ч Бурханых биш.

Бие биенээ хайрла

11 Та нарын эхнээсээ сонссон мэдээ бол бид бие биенээ хайрлах ёстой нь билээ. 12 Ёрын нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан Каин шиг биш юм. Ямар шалтгаанаас тэр түүнийг алав? Учир нь өөрийнх нь үйлс ёрын, дүүгийнх нь үйлс зөвт байсан аж. 13 Ах дүү нар аа, ертөнц та нарыг үзэн ядвал бүү гайх. 14 Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс аминд шилжсэнээ мэднэ. Үл хайрлагч нь үхэл дотор байна.15 Ах дүүгээ үзэн яддаг бүхэн алуурчин мөн. Ямар ч алуурчны дотор мөнх амь байдаггүйг та нар мэднэ. 16 Бидний төлөө Тэр Өөрийн амиа өгсөн тул, үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай. 17 Дэлхийн эд хөрөнгөтэй нь ах дүүгийнхээ гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал, түүний дотор Бурханы хайр хэрхэн байх билээ? 18 Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин үйл ажил, үнэнээр хайрлацгаая. 19 Үүгээр бид үнэнийх болохоо мэдэж, Түүний өмнө зүрхээ тайтгаруулах болно. 20 Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан, бидний зүрхнээс аугаа бөгөөд бүхнийг мэддэг. 21 Хайртууд минь, зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурханы өмнө зоригтой байж, 22 гуйсан болгоноо Түүнээс хүлээн авна. Учир нь бид Түүний тушаалуудыг сахиж, Түүнд тааламжтайг үйлддэг билээ. 23 Бид Түүний Хүү Есүс Христийн нэрд итгэж, бидэнд тушаасан ёсоор бие биенээ хайрлах нь Түүний тушаал юм. 24 Түүний тушаалуудыг сахигч нь Түүн дотор байж, Тэр ч түүний дотор байна. Бидний дотор Тэр байгааг Түүний бидэнд өгсөн Сүнсээр бид мэддэг.