Зайлшгүй мөхөл

3 Худал ба дээрмээр дүүрсэн, цуст

 хот хөөрхий еэ!

Олз золионууд нь хэзээ ч эс

 холдоно.

Ташуур тасхийх дуу, дугуйнуудын

 таржигнах чимээ,

Морьдын пижигнээн, үсрэн дүүлэх

 тэрэгнүүдийн түжигнээн.

Морьтонгууд мордож,

Илднүүд гялалзаж,

 жаднууд гялтганана.

Олон үхэгсэд, үй олон хүүр,

 тоймгүй олон цогцос.

Хүмүүс цогцоснууд дээр

 бүдэрч унана.

Энэ бүхэн нь янхны завхай

 тачаалаас,

Илбэчдийн нууц амраг,

Дур булаам нэгнээс болсон юм.

Тэр өөрийн янхандалтаар

 үндэстнүүдийг худалдаж

Ард түмнүүдийг

 ид шидээр татдаг.

“Харагтун, Би чиний эсрэг байна”

 гэж

Түг түмдийн ЭЗЭН

 тунхаглаж байна.

“Би чиний банзлуудыг

 нүүрэнд чинь хүртэл сөхөж,

Чиний нүцгэнийг үндэстнүүдэд,

Чиний ичгүүрийг

 хаанчлалуудад үзүүлнэ.

Би чиний дээр бузар юмыг хаяж,

Чамайг олиггүй болгоно.

Чамайг үзвэр мэт тавих болно.

Чамайг харах хүн бүхэн

 чамаас зайлан,

«Ниневе сүйтгэгдсэн!

Түүний төлөө хэн гашуудах вэ?»

 гэж хэлнэ.

Чамайг тайвшруулагчдыг Би

хаанаас хайх вэ?”

Усаар хүрээлэгдэн,

Нил мөрний дэргэд байрласан

Но-амоноос чи илүү дээр гэж үү?

Гол нь түүний цайз болж,

Далай нь түүний хана байсан.

Етиоп болон Египет нь

Түүний хэмжээ хязгааргүй хүч

 чадал нь байсан.

Пут, Луб нар түүний туслагчдын

 дунд байсан.

10 Гэсэн ч тэр цөлөгдөж,

 олзлогдон явсан.

Гудамж бүрийн эхэнд

 балчир хүүхдүүдийг нь

хэмхэртэл чулуудсан.

Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь

 төлөө шавга татаж,

Бүх агуу хүмүүсийг нь

 дөнгөлсөн.

11 Та нар ч мөн согтож, нуугдан,

Дайснаас хоргодох газрыг

 хайх болно.

12 Та нарын бүх бэхлэлт бол

Боловсорсон жимстэй инжрийн

 мододтой адил юм.

Тэднийг сэгсрэхэд л тэд

Идэгчийн аманд унадаг.

13 Харагтун, танай ард түмэн бол

 та нарын дундах

эмэгтэйчүүд юм.

Нутгийн чинь үүд хаалганууд

Дайснуудад чинь өргөнөөр нээлттэй байна.

Дааман хаалганы чинь хөндлүүдийг гал залгижээ.

14 Өөртөө зориулан бүслэлтэндээ

 ус татаж ав!

Бэхлэлтүүдээ бэхжүүл.

Шаварт явж, наалданг шаврыг зуурч,

Тоосго шатаах зуухнуудаа засварла.

15 Тэнд гал чамайг шатааж,

Илд чамайг

 цавчин унагах болно.

Дэвхрэг мэт тэр чамайг сүйтгэх болно.

Өөрийгөө царцаа мэт олшруул.

Өөрийгөө дэвхрэг мэт

 олон болго.

16 Чи өөрийнхөө худалдаачдыг

Тэнгэрийн оддоос илүү

 олон болгосон.

Харин тэд дэвхрэг адил тонож, нисэн одож байна.

17 Чиний харуулууд царцаа мэт юм.

Чиний өрлөг жанжингууд

Хүйтэн өдөр чулуун ханан дээр

 сууцгааж буй

сүрэг царцаатай адил.

Нар мандахад тэд зугтаж,

Тэдний байгаа газрыг хэн ч мэдэхгүй.

18 Өө, Ассирийн хаан аа.

Чиний хоньчид унтаж,

Язгууртнууд чинь хэвтэж байна.

Чиний ард түмэн

 уулсаар тарсан агаад

Тэднийг цуглуулан авчрах

 хэн ч алга.

19 Чиний бэртэнгид

 ямар ч эмчилгээ байхгүй.

Чиний шархнууд эдгэршгүй.

Чиний тухай сонссон бүгд

Чам дээр алгаа таших болно.

Чиний байнгын харгислалд

 өртөөгүй хүн гэж бий юу?