Нүгэлт хотын сүйрэл

2 Цайзаа хамгаал, замыг ажигла.

Ууцаа бэхэлж, бүх хүчээ хураа.

Учир нь сүйтгэгчид тэднийг

 сүйтгэсэн ч,

Усан үзмийн модных нь

 мөчрүүдийг хугалсан ч,

ЭЗЭН Иаковын сүр хүчийг

Израилийн сүр хүчийг ч бас

сэргээх болно.

Түүний хүчит эрсийн бамбайнууд

 нь улаан өнгөтэй,

Дайчид нь час улаан өнгөөр

 хувцасласан.

Түүнийг жагсаалд гарахаар

 бэлтгэх өдөр

Тэрэгнүүд нь хэтний оч шиг

 улалзаж.

Тэдний хүлгүүд дүүхэлзмүй.

Тэрэгнүүд нь гудамжнуудаар

 галзууран уралдаж,

Тэд талбайнуудаар зэрлэгээр

 давхилдана.

Тэдний дүр төрх нь бамбар мэт,

Тэд цахилах гялбаанууд мэт

Цааш нааш цахилж байна.

Тэр өөрийнхөө сурвалжтануудыг

 санадаг.

Тэд алхаан дундаа бүдэрч,

Хана хэрэм уруу нь яарцгаан,

Бүслэлтийн хаалт босгоно.

Голуудын гулдан хаалганууд нээгдэж

Ордон сүйрчээ.

Бүх юм шийдэгдсэн.

Түүнийг нүцгэлж, авч одсон ажээ.

Түүний шивэгчингүүд цээжээ

 дэлдэж,

Тагтаа дуугарах мэт ёолно.

Хэдийгээр Ниневе нь бүхий л

 өдрүүдийнхээ туршид

Усан цөөрөм мэт байсан боловч

Одоо тэд зугтаж байна.

“Зогс, зогс” гэх боловч буцаж ирэх хэн ч алга.

Мөнгийг олзол, алтыг олзол.

Төрөл бүрийн эрдэнийн зүйлсийн

 бялхалд

Хэмжээ хязгаар гэж ер алга.

10 Сүйрэл, хоосрол бас хоосрол!

Зүрхнүүд хайлж, өвдгүүд чичирч

 байна.

Өвчин бүх биеэр тархаж

Бүх нүүр зэвхий цайжээ.

11 Тэнд арслангуудын нүх,

Залуу арслангуудын хооллох газар

 байсан.

Тэнд эрслэн ба арслан бас

Арслангийн гүег мярааж,

Тэднийг хэн ч үргээн цочоодоггүй байсан.

12 Арслан гүегүүддээ хангалттай

 ихийг урж тасчин

Эрслэнгүүддээ ихийг алж,

Агуйнуудаа олзоор,

Нүхнүүдээ сэг зэмээр дүүргэжээ.

13 “Харагтун, Би чиний эсрэг байна” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Би утаан дунд тэрэгнүүдийг чинь шатааж, чиний залуу арслангуудыг илд залгина. Би чиний олзыг газраас тасалж, чиний элч нарын дуу цаашид сонсогдохгүй.”