Хэлээ хазаарлахуй

   3  1 Ах дүүс минь, багш нар бид үлэмж хүнд шүүлтэд орно гэдгийг мэдэн, та нараас олноороо багш бүү бол. 2 Учир нь бид цөмөөрөө олон юман дээр бүдэрдэг. Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн болой. 3 Морьдыг залахын тулд бид амыг нь амгайвчилж, бүх биеийг нь жолооддог. 4 Мөн усан онгоцуудыг хар. Тэдгээр нь хэдийгээр агуу том болоод зогсохгүй хүчит салхинд туугддаг боловч жижигхэн залуураар залуурчийн хүссэнээр жолоодогддог. 5 Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун, өчүүхэн гал ч ямар их ой модыг түймэрддэг билээ. 6 Хэл бол гал бөгөөд зүй бусын ертөнц аж. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг. 7 Учир нь төрөл бүрийн араатан амьтад, шувууд, хэвлээр явагчид болон далай тэнгисийн амьтдыг хүн төрөлхтөн номхруулж байгаа, номхруулсаар ч ирсэн. 8 Харин хэн ч хэлийг номхруулж чадахгүй. Хэл бол үхлийн хороор дүүрсэн, амралтгүй муухай эд мөн. 9 Бид хэлээр Эзэн ба Эцэгийг магтдаг. Бид түүгээр Бурханы төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараадаг. 10 Ерөөл хараал нэг л амнаас гардаг аж. Ах дүүс минь, ийм байж болохгүй. 11 Булгийн нэг эхээс цэвэр цэнгэг ба гашуун ус зэрэг гардаг бил үү? 12 Ах дүүс минь, инжрийн мод чидун жимсийг, усан үзмийн мод инжрийг гаргаж чадах уу? Давстай ус ч цэвэр цэнгэг ус гаргадаггүй.

Хоёр төрлийн мэргэн ухаан

13 Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ? Тэр нь биеэ зөв авч яван, мэргэн ухааны дөлгөөн зангаар үйлсээ харуул. 14 Хэрэв зүрхэнд чинь гашуун атаархал ба хувиа хичээсэн зорилго байх аваас бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь. 15 Энэ мэргэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш харин газрынх, төрөлхийнх бөгөөд чөтгөрийнх юм. 16 Учир нь хаана атаархал ба хувиа хичээсэн зорилго оршиж байна, тэнд замбараагүй байдал болоод аливаа муу муухай юмс байдаг. 17 Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж. 18 Зөвт байдлын үр жимст тэдний үр болбоос амар тайвныг бүтээгчдээр амар тайванд таригддаг юм.