Ялгаварлахаас сэрэмжлүүлсэн нь

2  1 Ахан дүүс минь, алдрын Эзэн Есүс Христдээ итгэх итгэлдээ бусдыг бүү алагчил. 2 Хэрэв танай цуглаанд хээнцэр хувцасласан, алтан бөгжтэй хүн мөн хиртэй хувцастай ядуу хүн орж ирвэл 3 та нар хээнцэр хувцас өмссөн нэгнийг нь анхаарч “Та энд тухлан суу” гээд, харин ядуу хүнд “Чи тэнд зогс, эсвэл миний хөлийн гишгүүр хавьд суу” гэвэл 4 та нар өөрсдийнхөө дунд ялгаварлал гаргаж, ёрын бодолтой шүүгчид болсон хэрэг бус уу? 5 Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэлдээ баян байлгахаар сонгоогүй гэж үү? 6 Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү? 7 Та нарыг дууддаг эрхэм нэрийг тэд гутаан доромжилдоггүй гэж үү? 8 Та нар хаан хууль болох “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэснийг Бичвэрийн дагуу биелүүлж байвал та нар сайныг үйлдэж байна. 9 Харин та нар хүнийг алаг үзвэл, та нар нүгэл үйлдэж, хэрэгтэн мэт хуулиар яллагдах болно. 10 Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно. 11 Учир нь “Чи бүү завхайр” гэж айлдсан Тэр бас “Чи хүн бүү ал” гэсэн юм. Хэрэв чи завхайраагүй хэрнээ хүн албал, хуулийн гэмт хэрэгтэн болно. 12 Эрх чөлөөний хуулиар шүүгдэх ёстойчууд шиг тийнхүү ярь, тийнхүү үйлд. 13 Учир нь өршөөлгүй нэгэнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг дийлдэг.

Үйлсгүй итгэл үхмэл

   14 Ах дүүс минь, хэрэв хүн “Надад итгэл бий” гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Итгэл нь түүнийг аварч чадна гэж үү? 15 Хэрэв ах дүү чинь, эсвэл эгч дүү чинь нүцгэн, өдөр тутмын хоолоор дутагдаж байхад нь, 16 та нарын нэг нь тэдэнд “Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай” гэж хэлчихээд биед нь хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ? 17 Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм. 18 Гэвч хэн нэг чинь “Чамд итгэл байна, надад үйлс байна. Чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд итгэлээ үйлсээрээ харуулъя” гэж хэлж болох юм. 19 Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн. Чөтгөрүүд ч үүнд итгэдэг бөгөөд бэмбэгнэдэг юм. 20 Хоосон хүн ээ, харин чи үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу? 21 Бидний эцэг Абрахам тахилын ширээн дээр хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү? 22 Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна. 23 “Бурханд Абрахам итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсон юм” гэж өгүүлдэг Бичвэр биелэгдсэн бөгөөд Бурханы анд нөхөр гэж Абрахам дуудагдах болсон. 24 Хүн зөвхөн итгэлээр бус, үйлсээр зөвтгөгддөгийг та нар харж байна. 25 Мөн үүний адилаар янхан эм Рахаб зарлага элч нарыг хүлээн авч, тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж үү? 26 Учир нь сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл болой.