4 1 Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья. 2 Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул. 3 Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд 4 чих нь үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно. 5 Харин чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ. 6 Учир нь би хэдийнээ ундаан өргөл мэт асгагдаад, явах цаг минь иржээ. 7 Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. 8 Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно.

Хувийн зааварчилгаа

  9 Над дээр даруй ирэхийг хичээ. 10 Учир нь Дем өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан. 11 Ганц Лук надтай хамт байна. Маркийг өөртэйгөө хамт аваад ир. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна. 12 Харин би Тухикийг Ефес уруу явуулсан. 13 Чи ирэхдээ Тройд Карпынд орхисон миний дээл, номууд, ялангуяа илгэнүүдийг нь авч ир. 14 Зэсийн дархан Александр надад муу муухай юм их хийсэн. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгнө. 15 Чи бас түүнээс сэрэмжил. Учир нь тэр бидний үгсийг маш их эсэргүүцсэн шүү. 16 Миний анхны өмгөөлөл дээр хэн ч надтай байхаар ирсэнгүй. Бүгд намайг орхижээ. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцоосой. 17 Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дэлгэрүүлж бүх харийнханд сонсгохын тулд намайг тэнхрүүлсэн бөгөөд би арслангийн амнаас аврагдсан. 18 Эзэн, намайг алив ёрын муу үйлээс гэтэлгэж, тэнгэрлэг хаанчлалдаа аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.

Төгсгөлийн мэндчилгээ ба ерөөл

    19 Приска, Акул болон Онесифорын гэрийнхэнд мэнд хүргээрэй. 20 Ераст Коринтод үлдсэн. Харин Трофим өвдсөн учир би түүнийг Милетэд үлдээв. 21 Өвлөөс өмнө ирэхийг хичээ. Юбул, Пуд, Лин, Клаудиа болон бүх ах дүү нар чамд мэнд хүргэж байна. 22 Эзэн чиний сүнстэй хамт байг. Нигүүлсэл та нарт байх болтугай.