Есүс Христийн сайн цэрэг

 2 1 Иймд хүү минь, Христ Есүст буй нигүүлслээр зоригтой бай. 2 Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга. 3 Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалддаггүй. 5 Хэн нэгэн дүрмийн дагуу барилдахгүй бол титэм авахгүй. 6 Зүдэж зүтгэсэн тариачин эхлээд ургацаа хүртэх ёстой. 7 Хэлж буйг минь эргэцүүлэн бод. Эзэн, чамд алив бүхэнд ойлголт өгнө. 8 Сайнмэдээний дагуу, Давидын үр сад болох үхэгсдээс амилуулагдсан Есүс Христийг сана. 9 Үүний төлөө би хэрэгтэн адил хүлэгдэн зовж байгаа ч Бурханы үг хүлэгдээгүй. 10 Иймээс Христ Есүс доторх авралыг мөнх алдрын хамт авах сонгогдогсдын төлөө би бүгдийг тэвчинэ. 11 Энэ бол итгэмжит үг.

Хэрэв бид Түүнтэй

хамт үхсэн бол

Түүнтэй хамт мөн амьдарна.

12 Хэрэв бид тэвчвэл

Түүнтэй хамт мөн хаанчилна.

Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл

Тэр ч бас биднийг үгүйсгэнэ.

13 Бид итгэмжгүй байлаа ч,

Тэр итгэмжит хэвээр байна.

Учир нь Тэр Өөрийгөө

үгүйсгэж үл чадна.

Бурханаар батлагдсан ажилчин

   14 Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрүүлдэг ашиггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы өмнө тэдэнд анхааруул. 15 Өөрийгөө ичих зүйлгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээ. 16 Харин олиггүй хоосон ярианаас зайлсхий. Учир нь тэдгээр нь улам бүр итгэл сүсэггүйд хөтөлдөг. 17 Тэдний үг хавдар тархах мэт бөгөөд дунд нь Хуменай, Филет нар байна. 18 Тэд үнэнээс төөрч, амилал нь аль хэдийнээ болсон хэмээн заримынх нь итгэлийг бусниулж байна. 19 Хэдий тийм ч Бурханы бат суурь нь хөдөлшгүй ба “Эзэн өөрийнхнийгөө мэддэг”, “Эзэний нэрийг дуудагч бүр зүй бусаас зайл” гэсэн тамгатай. 20 Том байшинд зөвхөн алт, мөнгөн төдийгүй мөн мод, шавар сав суулга ч байдаг. Зарим нь хүндэтгэлийн, зарим нь жирийн хэрэглээнийх. 21 Иймд хэн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэнэ, тэр хүндэтгэлд зориулагдан ариусгагдсан, Эзэнтэнд хэрэгтэй бөгөөд алив сайн үйлд бэлтгэгдсэн байх болно. 22 Залуу насны дур хүслүүдээс зугт. Цэвэр зүрхнээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөшгө. 23 Харин мунхаг, утгагүй зөрчилдөөнүүд нь мөргөлдөөн бий болгодгийг мэдэн татгалз. 24 Эзэний боол мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүгдэд эелдэг зөөлөн, заах чадвартай, тэвчээртэй байж, 25 зөрчилдөгсдийг дөлгөөнөөр сургамжил. Магадгүй, Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхвол 26 тэд ухаан орж, хүсэлээ үйлдэхээр тэднийг олзолсон диаволын урхинаас чөлөөлөгдөх буй за.