Тесалоникт хийсэн Паулын үйлчлэл

   2 1 Ах дүү нар аа, бид та нар дээр дэмий очоогүйг та нар өөрсдөө мэднэ. 2 Харин та нарын мэдсэнчлэн бид урьд нь Филиппойд зовж, жанчигдсан ч маш их эсэргүүцэл дунд Бурханы сайнмэдээг та нарт ярих зориг Бурхан дотор бидэнд байсан юм. 3 Учир нь бидний ятгалга нь заль мэх, бузар, төөрөгдөл дор байгаагүй. 4 Харин сайнмэдээ бидэнд даалгагдахаар Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин зүрхийг маань шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм. 5 Учир нь та нарын мэдсэнчлэн бид хэзээ ч зусарч үгтэй, шунахай сэдэлтэй байгаагүй. Бурхан үүний гэрч. 6 Бид алдрыг хүмүүсээс, та нараас ч эсвэл бусдаас ч эрээгүй. 7 Христийн элч нарынхаа хувьд шаардлага үзүүлж чадах байсан ч бид та нарын дунд эх хүн хүүхдүүдээ асрах мэт зөөлөн байсан. 8 Та нарын төлөөх халуун сэтгэлийн улмаас бид та нарт зөвхөн Бурханы сайнмэдээг бус, өөрсдийн амийг өгөхөд ч баяртай байсан. Учир нь бид та нарт хайртай болсон. 9 Ах дүү нар аа, та нар бидний зүдэл зүтгэл, дараа дарамтыг санаж байгаа. Бид та нарын хэнд ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллах зуур та нарт Бурханы сайнмэдээг тунхагласан. 10 Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв, гэм зэмгүй хандсаны гэрч нь та нар ба Бурхан билээ. 11 Та нар мэдэж байгаачлан, эцэг нь хүүхдүүддээ ямар байдаг шиг бид та нарын хүн нэгбүрийг 12 Өөрийн хаанчлалд болон алдарт дууддаг Бурханд зохистойгоор явахыг ятган, урамшуулж, гуйж байсан. 13 Та нар биднээс Бурханы үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин итгэдэг та нарын дотор ч ажилладаг Бурханы үнэн үг гэж байгаагаар нь хүлээн авсан. Үүнд бид бас Бурханд үргэлж талархдаг юм. 14 Ах дүү нар аа, та нар Христ Есүсийн доторх Бурханы Иудей дэх чуулгануудыг дуурайгчид болов. Учир нь тэд иудейчүүдээс шиг, та нар ч мөн өөрийн нутаг нэгтнүүдээс адилхан зовлон амссан ажээ. 15 Иудейчүүд Эзэн Есүсийг болон эш үзүүлэгчдийг алж, биднийг хавчиж, Бурханд эс таалагдан, бүх хүнд өсөрхөж, 16 харийнхныг аврах гэсэн яриаг маань хорьсноор тэдний нүглүүд хуралдсаар байна. Гэвч эцэст нь уур хилэн тэдэн дээр буулаа.

Паулын дахин очих хүсэл

   17 Гэвч ах дүү нар аа, бид та нараас зүрхээрээ биш, харин зүсээрээ түр хагацсан ч, царайг чинь харах гэж бүх хүслээрээ чармайсан. 18 Тиймээс бид та нар дээр очихыг хүссэн юм. Паул би нэг бус удаа тийн хүссэн боловч Сатан биднийг саатуулав. 19 Учир нь Эзэн Есүсийг ирэхэд Түүний өмнө хэн бидний найдвар эсвэл баяр баясгалан эсвэл өргөмжлөлийн титэм бэ? Энэ нь та нар бус уу? 20 Та нар бидний алдар бөгөөд баяр баясгалан билээ.