5 1 Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нарт бичих шаардлагагүй. 2 Учир нь Эзэний өдөр нь шөнийн хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө сайн мэднэ. 3 “Амар амгалан, аюулгүй байдал” гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд төрөлтийн өвдөлт ирэх адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй. 4 Гэвч ах дүү нар аа, та нар харанхуйд байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй. 5 Учир нь та нар бүгд гэрлийн хөвгүүд, өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх ч, харанхуйнх ч биш. 6 Тиймээс бид бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая. 7 Учир нь унтагсад шөнө унтдаг, согтуурагчид шөнө согтдог. 8 Харин бид өдрийнх тул итгэл ба хайрын хуяг, авралын найдварын дуулга өмсөн, эрүүл ухаантай байцгаая. 9 Учир нь Бурхан биднийг уур хилэнд бус, харин бидний Эзэн Есүс Христээр аврал авахад зориулжээ. 10 Бид сэрүүн ч бай, унтсан ч бай Өөртэй нь хамт амьд байхын тулд Тэр бидний өмнөөс үхсэн юм. 11 Тиймээс та нар үйлддэг шигээ л нэг нэгнээ тайтгаруулж, нэг нэгнээ барьж байгуулагтун.

Төгсгөлийн уриалга, мэндчилгээ ба залбирал

    12 Ах дүү нар аа, дунд чинь зүдэн зүтгэдэг ба Эзэн дор та нарыг удирдаж, зааварладаг хүмүүсийг хүндэлж, 13 ажлынх нь төлөө та нар хайраар тэднийг өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Өөр хоорондоо эв найртай бай. 14 Ах дүү нар аа, зүгээр суугсдад зааварлаж, хулчгаруудыг зоригжуулж, доройд нь тусалж, бүгдэд тэвчээртэй хандахыг та нараас гуйж байна. 15 Хэн ч хэн нэгний мууг муугаар хариулахгүй байхад анхаар. Харин үргэлж бие биендээ болон бүгдийн төлөө сайнд тэмүүл. 16 Үргэлж баяртай бай. 17 Тасралтгүй залбир. 18 Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн. 19 Сүнсийг бүү бөхөө. 20 Эш үзүүллэгийг бүү басамжил. 21 Харин бүхнийг шалга, сайнаас зуур. 22 Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ. 23 Амар амгалангийн Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгатугай. Сүнс, сэтгэл, бие тань бүхлээрээ бидний Эзэн Есүс Христийг ирэхэд гэм зэмгүй хэвээр байх болтугай. 24 Та нарыг Дуудагч нь итгэмжит бөгөөд Тэр мөн үүнийг биелүүлэх болно. 25 Ах дүү нар аа, бидний төлөө ч залбир. 26 Бүх ах дүү нарт ариун үнсэлтээр мэндчилээрэй. 27 Энэ захидлыг бүх ах дүү нарт уншиж өгөхийг би та нараас Эзэнээр гуйж байна. 28 Эзэн Есүс Христийн маань нигүүлсэл та нартай хамт байх болтугай.