Бурханы нигүүлслийн сайн нярвууд

  4 1 Иймээс Христ нэгэнтээ махбодоороо зовсон тул та нар ч гэсэн ижил санаагаар өөрсдийгөө зэвсэглэ. Учир нь махбодоороо зовсон нь нүглийг дуусгасан. 2 Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаандаа цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм. 3 Учир нь өнгөрсөн хугацаанд та нар завхайрал, тачаал, архидалт, утга учиргүй найрлан цэнгэх болон ёс бусын шүтээнд мөргөх явдлыг мөшгөн, харийнхны хүслийг гүйцэлдүүлж байсан чинь хангалттай. 4 Энэ бүхэнд тэд та нарыг самуурлын урсгалд нь нийлээгүйд гайхширч, муу хэлдэг. 5 Гэвч тэд амьд ба үхэгсдийг шүүхэд бэлэн байгч Түүнд тайлагнах болно. 6 Учир нь энэ зорилгын үүднээс сайнмэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан. Ингэснээр тэд махбодоороо хүмүүсийн адил шүүгдсэн боловч, Бурханы хүслийн дагуу сүнс дотор амьд байх юм. 7 Бүх юмсын төгсгөл ойр ирчихээд байна. Тиймээс бодлоготой, залбиралдаа эрүүл байгтун. 8 Юуны өмнө, бие биенээ байнга хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг халхалдаг. 9 Гомдол үгүйгээр бие биендээ зочломтгой бай. 10 Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил. 11 Ярьдаг нь Бурханы илэрхийллээр яриг. Үйлчилдэг нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхан алдаршуулагдах юм. Есүс Христэд алдар ба сүр хүч нь үеийн үед байх болтугай. Амен.

Итгэгчийн хувьд зовох нь

     12 Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх. 13 Харин Христийн зовлонг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн Түүний алдар илчлэгдэхэд та нар хөөрөн баярлах юм. 14 Та нар Христийн нэрээс болж зүхэгдвээс ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог. 15 Та нараас хэн нь ч алуурчин эсвэл хулгайч эсвэл муу муухайг үйлдэгч эсвэл бусдын хэрэгт хошуу дүрдэг нэгэн мэт бүү зовог. 16 Хэрэв Христитгэгч гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдаршуул. 17 Учир нь шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг нь болжээ. Хэрэв энэ нь биднээс эхэлбэл Бурханы сайнмэдээнд дуулгаваргүйчүүдийн төгсгөл юу болох вэ? 18 Зөвт нь арай гэж аврагдах юм бол, сүсэг бишрэлгүй нь болон нүгэлтэн нь яах болж байна? 19 Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод нь зөвийг үйлдэхдээ амиа итгэмжит Бүтээгчид даатгаг.