Эхнэрүүд ба нөхрүүд

3 1 Түүнчлэн эхнэрүүд ээ, та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд үггүйгээр эхнэрүүдийнхээ биеэ авч явах байдлаар аврагдана. 2 Тэд та нарын журамт байдал болоод эмээхийг чинь ажиглана шүү дээ. 3 Гоёл чинь үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт гадна талынх бүү байг. 4 Харин зүрхэнд нуугдсан хүнийг дөлгөөн ба даруу сүнсний мөхөшгүй чанараар гоё. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой. 5 Учир нь ийнхүү урьд цагт Бурханд найдвараа тавьсан ариун эмэгтэйчүүд нөхрүүддээ захирагдан өөрсдийгөө гоёдог байв. 6 Түүнчлэн Сара Абрахамыг эзэн гэж дуудан, дуулгавартай дагасан юм. Та нар ямар ч аюулаас айхгүйгээр зөвийг үйлдвэл, тэр эмэгтэйн хүүхдүүд болно. 7 Нөхрүүд ээ, эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг хэврэгхэн сав мэт үзэн, та нар ч мөн адил эхнэртэйгээ ойлголцож амьдар. Амийн нигүүлслийг хамтран өвлөгчийнх нь хувьд түүнийг хүндэтгэ. Ингэвэл залбиралд чинь саад тотгор учрахгүй.

Зөвийг үйлдсэнээс болж зовох нь

   8 Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд бодолдоо даруу байцгаа. 9 Ерөөлийг өвлөхөөр дуудагдсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн. 10 Учир нь

“Амийг хүсэмжилдэг бөгөөд,

сайн өдрүүдийг үзэхийг

хүсдэг нь

Хэлээ муу муухайгаас

Уруулаа худал хэлэхээс хамгаал.

11 Муугаас эргэж, сайныг үйлд.

Амар тайвныг хай,

мөшгө 12

Учир нь Эзэний мэлмий

зөвт хүмүүс дээр,

Сонор нь тэдний залбиралд

анхаарал тавьдаг.

Эзэний царай харин

мууг үйлдэгчдийн эсрэг”

гэжээ. 13 Та нар сайны төлөө зүтгэгч болбоос хэн та нарт хор учруулах юм бэ? 14 Харин та нар зөвт байдлын төлөө зовсон ч, та нар ерөөлтэй. Тэдний сүрдүүлгээс бүү ай, бүү цочирд. 15 Христ Эзэнийг зүрхэндээ тусгаарлан нандигна. Харин найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариул. 16 Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ дотор сайнаар биеэ авч явахыг чинь муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно. 17 Бурхан таалах аваас та нар мууг үйлдсэнийхээ төлөө зовсноос зөвийг үйлдсэнийхээ төлөө зовсон нь дээр. 18 Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөөнөөс үхэж, биднийг Бурханд аваачихын тулд зөвт нь зөвт бусыг орлосон. Ингэхдээ махбодод үхэж, сүнсэнд амилуулагдав. 19 Тэрхүү сүнсээр Христ явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ. 20 Эдгээр сүнснүүд нь, урьд Ноагийн өдөр бүхээг баригдаж байх үед, Бурхан тэвчиж хүлээсээр байхад дуулгаваргүй байв. Тэрхүү бүхээгт цөөн буюу найман хүн байж, усаар дамжин аврагджээ. 21 Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм. 22 Тэрээр тэнгэрт очоод Бурханы баруун гарт байж, тэнгэрэлч нар, эрх мэдлүүд болон хүчнүүд Түүнд захирагдаж байгаа билээ.