Рут Боаз нар гэрлэв

  4 1 Боаз үүдэн хаалган дээр очиж суухад, харагтун, Боазын өгүүлсэн мөнөөх өв золигч болох ойрын хамаатан өнгөрч явав. Тэр түүнд

 —Хүүе, анд минь ирээд энд суу гэв. Тэр ирж суулаа. 2 Тэгээд тэр хотын ахмадуудаас арван хүнийг авчран

 —Энэ суудал дээр суугтун гэсэнд тэд ч бас сууцгаав. 3 Тэгэхэд тэр хамгийн ойрын хамаатанд хандан

 —Моабын нутгаас буцаж ирсэн Наоми нь бидний ах дүү болох Елимелехийн хэсэг талбайг хэн нэгэнд маань худалдах ёстой. 4 Тиймээс “Энэ суудал дээр сууж буй хүмүүсийн өмнө болон миний ард түмний ахмадуудын өмнө түүний өвийг золин худалдаж авагтун. Хэрэв чи түүний өвийг золин авъя гэвэл авагтун. Харин үгүй бол надад хэлээрэй! Би мэдмээр байна. Учир нь чамаас өөр өвийг нь золин авах хүн байхгүй. Би чиний дараагийнх юм” гэхэд тэр

 —Би тэр газрын өвийг нь золин худалдаж авна гэв. 5 Тэгтэл Боаз

 —Чи Наомигийн гараас тариалангийн талбайг золин худалдаж авах тэр өдөртөө мөн талийгаачийн нэрийг түүний газрын өвд дуудагдан үлдээлгэхийн тулд талийгаачийн бэлэвсэн эхнэр моаб эмэгтэй Рутыг бас авах ёстой гэв. 6 Хамгийн ойрын хамаатан өв золигч

 —Тийм бол би өөртөө өвийг нь золин авч үнэндээ чадахгүй. Чадлаа гэхэд би өөрийнхөө өвийг сүйрүүлэхэд хүрнэ. Харин чи түүнийг зольж ав. Чи миний золин авах эрхийг авч болно. Учир нь би түүнийг золин авч үнэхээр чадахгүй гэв. 7 Израильд өв золин авах болон газар солилцох талаар ямар нэгэн хэргийг батлахдаа урьдын цагт нэг нь шаахайгаа тайлж, нөгөөдөө өгдөг заншилтай байв. Энэ бол Израильд өвийг баталгаатай болгох арга нь байжээ. 8 Тэгээд өвийг золигч нь Боазд

 —Чи өөртөө үүнийг золин авагтун гэж өгүүлээд шаахайгаа тайлав. 9 Тэгтэл Боаз ахмадууд хийгээд бүх ард олонд

 —Өнөөдөр би Наомигийн гараас Елимелех болон Хилион, Махлон нарт харьяалагдах бүхнийг худалдан авсны гэрч нь та нар мөн. 10 Бас өөд болсон хүний нэрийг өвд нь дуудуулан үлдээлгэхийн тулд би Махлоны бэлэвсэн эхнэр моаб эмэгтэй Рутыг өөрийн эхнэр болгон авлаа. Ингэснээр өөд болсон хүний нэр нь ах дүү төрөл садангаасаа болон төрсөн газрынхаа үүд хаалганаас тасарч мартагдах нь үгүй юм. Өнөөдөр үүний гэрч нь та нар гэв. 11 Үүдэн хаалганаа байсан бүх ард олон болон тэнд суудал эзэлсэн ахмадууд

 —Бид гэрч мөн. Чиний гэрт орж ирж буй тэр эмэгтэйг ЭЗЭН, Израилийн гэрийг босгогч Рахел Леа хоёрын адил болгох болтугай. Чи Ефратад эд баялаг олж, Бетлехемд алдарших болтугай! 12 Мөн ЭЗЭНий энэ залуу эмэгтэйгээр чамд өгөх үр удмаар дамжуулан гэр чинь Иудад Тамарын төрүүлж өгсөн Перезийн гэр адил болох болтугай! гэцгээв.

Давид хааны гарваль

  13 Ингээд Боаз Рутыг авч, тэр түүний эхнэр болов. Боаз түүн дээр орсонд ЭЗЭН түүнийг хөл хүндтэй болгож өгөв. Тэгээд тэр хүү төрүүлэв. 14 Тэгтэл эмэгтэйчүүд Наомид

 —Чамайг өнөөдөр өв золигчгүйгээр орхиогүй ЭЗЭН магтагдах болтугай! Түүний нэр Израильд алдарших болтугай! 15 Тэр танд амь амьдралыг сэргээгч, өндөр насыг тань тэтгэгч байх болтугай! Учир нь таныг хайрладаг, таны хувьд долоон хөвгүүнээс дээр бэр чинь Боазд хүү төрүүлэв гэцгээв. 16 Тэгээд Наоми хүүхдийг авч, өвөр дээрээ хэвтүүлээд түүний өрлөг эх болов. 17 Хөрш эмэгтэйчүүд нь

 —Наомид хүү төрөв гээд түүнд Обед гэдэг нэр өгөв. Тэр бол Давидын эцэг болох Иессийн эцэг юм.

 18 Перезийн уг угсааг тоочвол: Перезд хүү төрсөн нь Хезрон. 19 Хезронд хүү төрсөн нь Рам, Рамд хүү төрсөн нь Амминадаб, 20 Амминадабт хүү төрсөн нь Нахшон, Нахшонд хүү төрсөн нь Салмон, 21 Салмонд хүү төрсөн нь Боаз, Боазд хүү төрсөн нь Обед, 22 Обедод хүү төрсөн нь Иесси бөгөөд Иессид Давид төржээ.