Эзэн ирэх тухай амлалт

3 1 Хайртууд минь, эдүгээ би хоёр дахь захидлаа та нарт бичиж байна. Тэдгээрийн дотор би сануулгаар та нарын чин сэтгэлийн бодол санааг сэргээж байгаа нь 2 ариун эш үзүүлэгчдээр урьдаас хэлүүлсэн үгс ба танай элч нараар уламжлагдсан Эзэн ба Аврагчийн тушаалыг та нарт сануулахын тулд юм.Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн тохуурхагсад хүсэл тачаалаа даган элэглэн тохуурхсаар ирэх болно. 4 Мөн тэд “Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсанаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ” хэмээнэ. 5 Бурханы үгээр тэнгэр нь өнө эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас гараад усаар хэлбэржсэн болохыг тэд санаатайгаар үл ойшоодог. 6 Тэр үеийн дэлхий усан галавт автан, устгагдсан аж. 7 Харин өнөөгийн тэнгэр ба газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна. 8 Хайртууд минь, Эзэний хувьд харин нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт байдаг нь та нараас бүү нууцлагдаг. 9 Эзэн удаашралыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг амлалтдаа хойрго биш билээ. Харин ч Тэр, хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэж та нарт тэвчээртэй ханддаг. 10 Гэвч Эзэний өдөр хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч, язгуур юмс галд хайлах бөгөөд газар ба түүн дээрх бүх үйл шатна. 11 Энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба итгэл сүсэг дор та нар ямаршуу байх ёстой вэ? 12 Бурханы өдөр ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, язгуур юмс түймэрт хайлах болно. 13 Харин Түүний амлалтын дагуу зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг бид хүлээн байна.

Эцсийн ятгалга

14 Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор толбогүй бөгөөд өө сэвгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн. 15 Хайрт ах Паул маань өгөгдсөн мэргэн ухааныхаа дагуу та нарт бичсэнчлэн бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц. 16 Тэрчлэн түүний бүх захидалд эдгээрийн талаар бичсэн юм. Захидлуудад нь ойлгоход хэцүү зарим зүйл байдаг бөгөөд юу ч мэдэхгүй, туйлбаргүйчүүд Бичвэрийн бусад зүйлсийг гуйвуулдаг шигээ тэдгээрийг ч мушгин гуйвуулж өөрсдийгөө сүйрүүлдэг. 17 Тиймээс хайртууд минь, та нар үүнийг урьдаас мэдэж, өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар ёс зарчимгүйчүүдийн төөрөгдөлд автаж, тогтвортой байдлаа алдчих вий. 18 Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөр аль алинд нь Түүнд алдар байх болтугай. Амен.