7 1Хүн гэгч нь газар дэлхий дээр албадлагын ажилд нухлуулдаг бөгөөд

түүний өдрүүд нь ч хөлсний хүний өдрүүдтэй адил биш гэж үү?
2Сүүдрийг хүсэмжилдэг боол хүнтэй адил буюу
хөлсөө хүсэн хүлээдэг хөлсний хүнтэй адил,
3үүнчлэн хоосон саруудыг өнгөрүүлэх нь надад хуваарилагдсан бөгөөд
зовлонт шөнүүд надад тогтоогджээ.
4Хэвтэхдээ би “Хэзээ би босох бол доо?” хэмээн бодовч
шөнө үргэлжилсээр байх бөгөөд
үүр цайтал би эргэж хөрвөсөөр өнгөрөөнө.
5Бие минь өтөнд болон тоосон хальсанд хучигдан,
арьс минь эвэршин хагардаг.
6Миний өдрүүд нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч,
найдваргүйгээр төгсгөлдөө ойртоно.

7Миний амьдрал бол амьсгал гэдгийг санаач.
Миний нүд дахин сайныг үзэхгүй.
8Намайг хардаг хүний нүд намайг дахин харахгүй.
Таны нүд над дээр байх боловч би байхгүй.
9Үүл замхран оддог.
Үүнчлэн Үхэгсдийн орон уруу явагсад гарч ирдэггүй билээ.
10Тэрээр гэр орондоо дахин эргэж ирэхгүй бөгөөд
түүний оромж нь ч түүнийг мэдэхээ болино.

11Иймээс би амаа хамхихгүй.
Сүнснийхээ шаналал дотор би ярьж,
сэтгэлийнхээ уй гашуу дотор би гомдоллох болно.
12Би Танаар мануулж байхаар тэнгис,
эсвэл тэнгисийн мангас юм уу?
13Хэрэв би
“Ор минь намайг тайвшруулна,
хэвтэр минь миний гомдлолыг тайлах болно” гэсэн ч
14Та зүүдүүдээр намайг айлгаж,
үзэгдлүүдээр намайг сүрдүүлдэг.
15Ингэснээр сэтгэл минь өвчин шаналлаас минь илүүгээр боож үхэхийг сонгохсон.
16Би өнгөрөн одож байна.
Би мөнх амьдрахгүй.
Миний өдрүүд амьсгал учраас намайг ганцааранг минь орхиоч.
17Та түүнийг эрхэмлэж,
түүний талаар санаа тавих болохоор хүн гэгч нь юу юм бэ?
18Юунд Та түүнийг өглөө бүр шалгаж,
агшин бүрд түүнийг сорино вэ?
19Та надаас Өөрийн харцаа хэзээ ч холдуулахгүй,
эсвэл шүлсээ залгих хүртэл минь
намайг ганцааранг минь орхихгүй юм гэж үү?
20Би нүгэл үйлдсэн үү?
Хүмүүсийн харгалзагч аа, Танд би юу хийсэн юм бэ?
Би өөрөө өөртөө дарамт болтол юунд Та намайг Өөрийн бай болгосон бэ?
21Тэгвэл яагаад Та миний нүглийг өршөөхгүй,
гэм бурууг минь зайлуулдаггүй вэ?
Одоо би шороонд хэвтэх болно.
Та намайг хайвч би байхгүй гэв.