12 1Тэгэхэд Иов хариулан
2-Та нар үнэхээр хүмүүс бөгөөд
та нартай хамт мэргэн ухаан мөхөх болно!
3Надад ч бас та нарын адил оюун ухаан бий.
Та нараас дутах юм надад үгүй.
Энэ мэтийг хэн мэддэггүй юм бэ?
4Бурханыг дуудаж, Түүнээс хариу авсан нэгэн болох би
найз нөхдийнхөө доог тохуу юм.
Зөв шударга, гэм зэмгүй нь ч доог тохуу юм.
5Тайван байгчид гай зовлонг хөл нь халтирдаг хүмүүст бэлтгэгдсэн хэмээн тохуурхдаг билээ.
6Сүйтгэгчдийн майхнууд хөгжин цэцэглэдэг бөгөөд
өөрсдөд нь хүчийг авчирдаг Бурханыг өдөөн хатгагчид аюулгүй байдаг.

7Харин одоо араатан амьтдаас асуу, тэд чамд сургаг.
Мөн тэнгэрийн шувуудаас асуу, тэд чамд хэлж өгөг.
8Эсвэл газар дэлхийтэй ярилцаж,
тэрээр чамд сургаг.
Далайн загас чамд тунхаглаг.
9ЭЗЭНий мутар үүнийг хийсэн гэдгийг
эдгээр бүгдийн дунд хэн мэддэггүй юм бэ?
10Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээд
бүх хүн төрөлхтний амьсгал байдаг.
11Ам хоолоо амталдгийн адил чих үгийг нягталдаг бус уу?
12Мэргэн ухаан ахмад настангуудтай байдаг бөгөөд
урт удаан амьдрал бол ухаарал юм.

13Мэргэн ухаан хийгээд хүч Түүнтэй хамт байх бөгөөд
зөвлөгөө хийгээд ухаарал Түүнд харьяалагддаг.
14Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөд
тэр нь сэргээн босгогдож чаддаггүй.
Тэрээр хүнийг шоронд хорьдог бөгөөд
суллагдах арга байдаггүй аж.
15Үзэгтүн, Тэрээр их усыг хорьдог бөгөөд тэд хуурайшдаг.
Тэрээр тэднийг гадагш илгээдэг бөгөөд
газар дэлхий усанд автдаг аж.
16Хүч чадал хийгээд мэргэн ухаан Түүнтэй хамт бөгөөд
төөрөлдөгч хийгээд төөрөлдүүлэгч нь Түүнд харьяалагддаг юм.
17Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж,
шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.
18Тэрээр хаадын хүлээсүүдийг сулладаг бөгөөд
тэдний ууцыг бүсээр бүсэлдэг.
19Тэрээр тахилч нарыг хөл нүцгэн явуулж,
хүчирхэг хүмүүсийг ч хөмөрдөг.
20Тэрээр итгэлт хүмүүсийн хэлэх үгсийг үгүй болгож,
ахмадуудын гярхай ухааныг ч зайлуулдаг.
21Тэрээр язгууртнууд дээр жигшүүрийг асгаж,
хүчтэнүүдийн бүсийг сулруулдаг аж.
22Тэрээр харанхуйгаас гүн зүйлсийг илчилж,
гүн харанхуйг гэрэлд авчирдаг аж.
23Тэрээр үндэстнүүдийг агуу болгодог бөгөөд
дараа нь тэднийг устгадаг.
Тэрээр үндэстнүүдийг тархаадаг бөгөөд
дараа нь тэднийг авч явдаг.
24Тэрээр нутгийн ард олны тэргүүнүүдийн ухааныг үгүй болгодог бөгөөд
замгүй цөлд тэднийг тэнүүчлүүлдэг.
25Тэд гэрэлгүй харанхуйд тэмтчин явдаг бөгөөд
Тэр тэднийг согтуу хүн мэт гуйвуулдаг аж.