27 1Тэгээд Иов яриагаа үргэлжлүүлж,
2-Эрхийг минь хассан Бурхан болоод
сүнсийг минь гашуун болгосон Төгс Хүчит Нэгэний амьд буйгаар тангараглая.
3Миний дотор амь хийгээд хамрын нүхэнд минь Түүний амьсгаа байсаар байх хугацаанд
4уруул минь үнэхээр шударга бусаар ярьж,
хэл минь ч хуурмагийг бувтнахгүй.
5Та нарыг зөвт гэж тунхаглах нь надаас хол байг!
Үхэн үхтлээ би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй.
6Би өөрийн зөв шударгыг баримталж байгаа бөгөөд буцахгүй юм.
Миний зүрх амьдралын минь аль ч өдрийг зэмлэдэггүй.

7Миний дайснууд хорон муу хүмүүс мэт,
миний эсрэг босогч зөвт бус хүн мэт байг.
8Бурхан амийг эрдэг бөгөөд тэрээр таслагдсан байхад
бурхангүй хүний найдлага юу байдаг вэ?
9Түүнд зовлон тохиолдоход Бурхан түүний хашхирах дууг сонсох уу?
10Тэрээр Төгс Хүчит Нэгэний тааллыг олох уу?
Тэрээр бүх үеүдийн турш Бурханыг дуудах уу?
11Бурханы хүчээр би чамд зааварлана.
Төгс Хүчит Нэгэний тухай би юуг ч нуугаагүй.
12Үзэгтүн, та бүгд харлаа.
Тэгвэл яагаад та нар мунхаг үйл хийнэ вэ?

13Энэ нь чухамдаа хорон муу хүмүүст Бурханаас оноогддог хувь бөгөөд
харгис хэрцгий хүмүүсийн Төгс Хүчит Нэгэнээс авдаг өв юм.
14Түүний хөвгүүд олон ч гэсэн тэд илдэнд заяагджээ.
Түүний үр удмууд талхаар цадахгүй.
15Түүний үлдэгсэд тахлаас болж оршуулагдан,
бэлэвсэн эмс нь уйлах ч чадалгүй болно.
16Хэдийгээр тэрээр мөнгийг шороо мэт хурааж,
хувцас хунарыг ч шавар мэт нөөцөлдөг ч,
17тэр бэлтгэдэг байхад харин зөвт нэгэн түүнийг өмсөж,
гэмгүй хүн мөнгийг хуваана.
18Тэр өөрийн байшингаа аалзны тор мэт,
эсвэл харуулын хийсэн овоохой шиг барьж босгосон билээ.
19Тэрээр баян хэвтдэг боловч хэзээ ч дахин байхгүй.
Тэрээр нүдээ нээдэг бөгөөд тэр нь байхгүй болсон байдаг.
20Аймшиг түүнийг үерийн адил нөмөрдөг.
Хуйлрах салхи шөнөөр түүнийг хулгайлан оддог.
21Дорнын салхи түүнийг авч оддог бөгөөд тэрээр алга болсон.
Учир нь тэр түүнийг байрнаас нь эргэлдүүлэн авч явдаг.
22Учир нь тэр түүн уруу өршөөлгүйгээр дайрдаг.
Тэр хүн түүний хүчнээс зугтахыг хичээх нь гарцаагүй.
23Түүнд алга ташиж, орон байрнаас нь түүн уруу исгэрэх болно.