18 1Дараа нь шух хүн Билдад хариулж
2-Чи хир удаан үгсийн араас хөөцөлдөх юм бэ?

Ухаарснаа үзүүл, дараа нь бид ярилцаж чадна.
3Яагаад бид чиний нүдэнд араатан амьтад шиг,
тэнэг хүн шиг тооцогдсон юм бэ?
4Уурандаа өөрийгөө тастдаг чи минь,
чиний төлөө газар дэлхий хоосорч,
хад чулуу байрнаасаа хөдлөх болж байна уу?

5Үнэндээ хорон муу хүний гэрэл унтарч,
түүний галын дөл ямар ч гэрэл өгдөггүй.
6Түүний майхан дахь гэрэл харанхуйлж,
түүний дэнлүү түүний дээр унтардаг.
7Түүний хүч тэнхээтэй алхаа саарч,
өөрийнх нь хорон санаа түүнийг доош оруулдаг.
8Учир нь тэрээр өөрийн хөлөөр дамжуулан торонд унагаагдсан бөгөөд
тэрээр аалзны шүлсэн дээр алхдаг аж.
9Занганд өсгийгөөрөө орж,
хавханд тэрээр урхидуулдаг юм.
10Түүнийг оосорлох гогцоо газарт далдлагдсан бөгөөд
түүний урхи замд нь отох бөлгөө.
11Бүх эргэн тойронд аймшгууд түүнийг айлгаж,
алхам тутамд нь түүнийг яаруулна.
12Түүний хүч чадал барагдаж,
гамшиг зовлон хажууд нь бэлэн байх аж.
13Арьс нь өвчинд идэгдсэн бөгөөд
үхлийн ууган хүү үе мөчүүдийг нь иддэг аж.
14Тэрээр өөрийн майхны аюулгүй байдлаас таслагдан
аймшгуудын хааны өмнө аваачигддаг.
15Майханд нь түүний гэх юм нэг ч байхгүй.
Түүний нутагт хүхэр тараагддаг билээ.
16Доороос нь түүний үндэс хатаж,
Дээрээс нь түүний мөчир огтлогддог.
17Газар дэлхийгээс түүний дурсамж үгүй болж,
түүний нэр хаана ч байхгүй болно.
18Тэрээр гэрлээс харанхуй уруу хөөгдөж,
оршин суугчидтай ертөнцөөс зайлуулагдсан ажээ.
19Тэрээр өөрийн хүмүүсийн дунд үр хүүхэд, эсвэл төрөл садангүй бөгөөд
түр амьдарсан газартаа ч үлдэх хүнгүй билээ.
20Түүний дараа байгсад түүний хувь заяанд гайхаж,
өмнөх үеийнхэн нь аймшигт нөмрүүлсэн бөлгөө.
21Үнэхээр, хорон муу хүний амьдрах газрууд ийм бөгөөд
Бурханыг мэддэггүй хүний газар энэ буюу гэв.