31 1Би нүдтэйгээ гэрээ хийсэн билээ.
Тэгвэл би онгон охиныг хэрхэн бодож зүрхлэх байсан бэ?
2Дээр буй Бурханы хувь,
эсвэл өндөрт буй Төгс Хүчит Нэгэний өв залгамжлал юу билээ?
3Энэ нь шударга бус хүмүүст гай зовлон,
гэм бурууг үйлдэгсдэд гай гамшиг болдог бус уу?
4Тэрээр миний замуудыг харж,
бүх алхмуудыг минь тоолдоггүй гэж үү?

5Хэрвээ би хуурмагаар алхаж,
миний хөл заль мэхийн араас яарч байсан бол,
6Тэр намайг зөв шударга жингээр жинлэж,
миний үнэнч шударга байдлыг Бурхан мэдэг.
7Хэрвээ алхам минь замаас гарч,
эсвэл зүрх минь нүдийг минь дагаж,
эсвэл аливаа толбо гарт минь наалдсан бол,
8миний тарьсныг өөр хүн идэж,
тариа минь үндсээрээ сугараг.

9Хэрэв миний зүрх эмэгтэйгээр уруу татагдаж,
эсвэл би хөршийнхөө хаалганы үүдэнд отож байсан бол,
10миний эхнэр өөр хүнд тариа цайруулж,
өөр эрчүүд түүний дээрээс тонгойг.
11Учир нь тэр нь бузар гэмт хэрэг байх байсан.
Үүнээс гадна энэ нь шүүгчдээр шийдвэрлүүлэх гэм буруу юм.
12Учир нь энэ бол Сүйрлийн газар хүртэл шатаадаг гал бөгөөд
миний бүх олзыг үндсээр нь устгах байсан.

13Хэрэв, тэд миний эсрэг гомдоллох үед би өөрийн боолууд,
эсвэл шивэгчдийн маргааныг үл тоомсорлосон бол,
14Бурханыг босоход би юу хийж чадахсан бэ?
Хариуцлага тооцохоор Тэрээр намайг дуудахад
би Түүнд юу гэж хариулах билээ?
15Намайг хэвлийд бүтээсэн Тэр түүнийг бүтээдэггүй юм уу?
Адил нэгэн биднийг хэвлий дотор дүрс оруулдаггүй гэж үү?

16Хэрэв би ядуусыг хүслээс нь татгалзуулж,
эсвэл бэлэвсэн эмэгтэйн нүдийг сүүмийлгэж,
17эсвэл өнчин нэгэнтэй хуваалцалгүй өөрийн хувийг ганцаараа идсэн бол
18(харин залуу наснаас минь тэрээр надтай эцэг юм шиг өссөн бөгөөд
нялх балчраас нь би тэр эмэгтэйг удирдсан билээ),
19хэрэв хувцасгүйгээс болж үхэж буй нэгнийг,
мөн үгээгүй нэгэнд нөмрөх юм үгүйг би хараад,
20тэрээр миний хонины нэхийнд дулаацаагүй бөгөөд
түүний ууц нуруу надад талархаагүй бол,
21хэрэв дааман хаалган дээр миний тусламж буйг хараад
өнчин хүний эсрэг гараа далайсан бол,
22мөр минь нуруунаасаа тасран,
гар минь тохойгоороо хугараг.
23Учир нь Бурханаас ирдэг гай зовлон миний хувьд аймшиг бөгөөд
Түүний сүр хүчээс болж би юу ч хийж чаддаггүй.

24Хэрэв би найдвараа алтанд тавьж,
үнэт алтыг өөрийн итгэл гэж дуудсан бол,
25хэрэв баялаг минь агуугаас болж,
мөн миний гар ихийг хурааснаас болж би баярласан бол,
26хэрэв гэрэлтэн байхад нь нарыг,
сүр жавхлантайгаар өнгөрч байхад нь сарыг би хараад,
27зүрх минь нууцханаар уруу татагдан,
амандаа гараа хүргэн үнсэж байсан бол,
28энэ ч гэсэн шийтгэгдвэл зохих гэм буруу байх байсан.
Учир нь би дээр буй Бурханыг үгүйсгэсэн хэрэг болохсон.

29Би дайсныхаа үхэлд баярлаж,
түүнд бузар муу юм тохиолдоход хөөрч байсан уу?
30Үгүй, хараалдаа түүний амийг авахыг гуйснаараа нүгэл хийхийг би өөрийн аманд зөвшөөрөөгүй.
31Миний майхны хүмүүс
“Түүний маханд цадаагүй нэгнийг хэн олж чадах вэ?” гэж хэлээгүй гэж үү?
32Харь хүн гадаа хонож байсангүй,
би аянчдад хаалгуудаа нээсэн билээ.
33Өөрийн гэм бурууг өвөртөө нууснаараа
би өөрийн нүглээ Адам шиг бүтээн хаасан уу?
34Учир нь би олон түмнээс эмээж,
өрх гэрүүдийн жигшил намайг айлгасан бөгөөд
би дуугаа хураан, хаалганаас гадагш гарахгүй байсан уу?
35Намайг сонсдог нэг хүн ч байгаасай!
Үзэгтүн, миний хувийн тэмдэг энэ байна.
Төгс Хүчит Нэгэн надад хариулаг!
Миний өстний бичсэн буруутгасан бичгийг
36би мөрөндөө үүрч,
түүнийг титэм шиг өөртөө холбох байсан.
37Би Түүнд алхмуудынхаа тоог тайлагнаж,
ноён хүн шиг би Түүнд ойртохсон.

38Хэрэв миний нутаг миний эсрэг хашхирч,
хагалсан шангууд нь хамтдаа уйлдаг юм бол,
39хэрэв би үр жимсийг үнэгүйгээр идэж,
эсвэл эзэмшигчдийнх нь амь насыг хорооход хүргэсэн бол,
40улаан буудайн оронд өргөст ургамал,
арвайн оронд хогийн ургамал ургаг гэв.
Иовын үг барагджээ.