17 1Миний сүнс бөхсөн бөгөөд өдрүүд минь гүйцэж, надад булш байна.
2Үнэхээр тохуурхагчид миний дэргэд байгаа бөгөөд
миний нүд тэдний доромжлолыг ширтэнэ.

3Одоо, Өөрийнхөө өмнө миний төлөө барьцааг тавиач.
Миний батлан даагч болох хэн байна вэ?
4Та тэдний зүрх сэтгэлийг ухаарлаас нуусан учраас Та тэднийг өргөхгүй.
5Олз ашгийн төлөө анд нөхдийнхөө эсрэг мэдүүлэг өгөгчийн үр хүүхдүүдийн нүд ч мөн сулрах болно.

6Гэвч Тэр намайг хүмүүсийн зүйр үг болгосон бөгөөд
хүмүүст хараал болсон нэгэн бол би юм.
7Уй гашуугаас болж нүд минь ч улам сүүмийж,
бүх эд эрхтнүүд минь сүг сүүдэр шиг болов.
8Шударга хүмүүс үүнийг хараад гайхаж,
гэмгүй нэгэн өөрийгөө бурхангүй хүмүүсийн эсрэг болгоно.
9Гэсэн ч зөв шударга нэгэн өөрийн замаа хөөн явж,
цэвэр гартай нэгэн улам хүчирхэг болон өсөх ажээ.
10Харин та бүгд одоо дахин ирээрэй.
Учир нь та нарын дундаас мэргэн хүнийг би олохгүй байна.
11Миний хоногууд өнгөрөн одож,
миний төлөвлөгөөнүүд буюу зүрхний минь хүслүүд тасран үгүй болов.
12Тэд харанхуй орчинд “Гэрэл ойрхон байна” хэмээн шөнийг өдөр болгодог аж.
13Хэрэв би Үхэгсдийн орныг гэр шигээ харвал,
би өөрийнхөө орыг харанхуйд засдаг болно.
14Хэрэв би нүхэнд хандан “Чи миний эцэг” гэж,
өт хорхойд хандан “Миний эх болон миний эгч” гэж хэлдэг бол
15миний найдвар одоо хаана байна вэ?
Миний найдварыг хэн ойшоох юм бэ?
16Тэр нь надтай хамт Үхэгсдийн орон уруу буух болов уу?
Бид хамтдаа шороонд орно гэж үү? гэв.