29 1Иов дахин өөрийн үгсээ үргэлжлүүлэн
2-Би өнгөрөн одсон саруудынх шигээ буюу
Бурхан намайг хамгаалж байсан өдрүүдийнх шигээ байсан ч болоосой.
3Түүний дэнлүү толгой дээр минь гэрэлтэж,
Түүний гэрлээр би харанхуй дундуур явдаг байсан билээ.
4Бурханы нөхөрлөл миний майхан дээр байх үе буюу
би амьдралынхаа ургац хураалтын үед байжээ.
5Төгс Хүчит Нэгэн надтай хамт байсаар,
хүүхдүүд минь намайг хүрээлэн байв.
6Алхмууд минь цөцгийн тосонд булхагдаж,
хад чулуу надад зориулан тос цутгадаг байв.
7Би хотын дааман хаалга уруу гарч,
талбай дээр суудлаа эзэлдэг байсан бөгөөд
8залуус намайг хараад нуугдаж,
өвгөд босож, зогсдог байв.
9Ноёд үгсээ хорьж,
гараараа амаа тагладаг байв.
10Язгууртнуудын дуу алга болж,
хэл нь тагнайнд нь наалддаг байв.
11Учир нь чихнүүд сонсоод намайг ерөөгдсөн гэж дуудаж,
нүднүүд хараад намайг гэрчилдэг байв.
12Яагаад гэвэл би тусламж гуйн хашхирсан ядуусыг хийгээд
туслагчгүй өнчин хүмүүсийг авардаг байв.
13Үхэж буй хүмүүсийн ерөөл надад ирж,
би бэлэвсэн эмэгтэйчүүдийн зүрхийг баярлуулан дуулуулдаг байсан.
14Би шударга зөвийг өмсөж,
тэр намайг хувцаслав.
Миний зөвт байдал нөмрөг болон малгай мэт байв.
15Би сохорт нүд нь,
доголонд хөл нь болж байв.
16Би үгээгүйчүүдэд эцэг нь байсан бөгөөд
мэддэггүй хэргийн учрыг ч шинжин тайлж байв.
17Би хорон муу хүний эрүүг хугалж,
амнаас нь олзыг нь булааж авдаг байв.
18Тэгээд би “Үүрэндээ би үхнэ.
Өдрүүдийг би элс адил олшруулна.
19Үндэс минь ус уруу тархаж,
мөчрүүд дээр минь шөнөжин шүүдрийн ус бөнжигнөнө.
20Алдар минь надтай хамт,
миний нум гарт минь шинэчлэгддэг” гэж бодов.

21Намайг тэд сонсоцгоож, хүлээцгээж,
зөвлөгөөг минь хүлээн чимээгүй байдаг байв.
22Миний үгсийн дараа тэд дахин ярьдаггүй байсан бөгөөд
миний яриа тэдэнд тааламжтай байсан.
23Тэд намайг хур бороо мэт хүлээж,
хаврын бороо мэт амаа ангайлгадаг байв.
24Тэд итгээгүй байхад би тэдэн уруу инээмсэглэж,
миний нүүрний гэрлийг тэд унтрааж байгаагүй юм.
25Би тэдэнд замыг сонгож,
тэргүүнд нь сууж, дайчдынхаа дунд буй хаан мэт буюу
гашуудагсдыг тайтгаруулсан нэгэн мэт заларч байсан.