39 1Янгир төрөх цагийг чи мэддэг үү?
Буга тугаллахыг чи үзсэн үү?
2Тэдний хээлээ тээх цагийг чи тоолж чадах уу?
Эсвэл тэдний төрөх цаг хугацааг чи мэдэх үү?
3Тэд доош өвдөглөн байж,
зулзагануудаа гаргаж,
төрөлтийнхөө өвчнөөс салдаг билээ.
4Үр төл нь хүчирхэгжиж,
хээр талд өсөж торнидог.
Тэд буцаж ирэлгүйгээр оддог билээ.

5Хэн хуланг эрх чөлөөтэйгөөр илгээдэг вэ?
Хэн хурдан хулангийн чөдрийг тайлсан бэ?
6Түүнд Би хээр талыг гэр нь болгож,
хужиртай газрыг түүний орших нутаг нь болгосон билээ.
7Хотын шуугианыг тэр жигшин инээж,
үргээгчдийн орилоон дууг тэр сонсдоггүй билээ.
8Тэрээр бэлчээр хайн уулсыг шинжиж,
ногоон ургамал бүрийг эрдэг.
9Зэрлэг үхэр чамд үйлчлэхийг хүсэж,
эсвэл тэвшний чинь хажууд хоноглох уу?
10Чи зэрлэг үхрийг шан татуулахаар олсоор хүлж,
эсвэл араасаа дагуулан хөндий газрыг хагалуулж чадах уу?
11Хүч нь агуу учир чи түүнд найдаж,
өөрийн ажлаа түүнд даатган үлдээх үү?
12Тэрээр чиний буудайн үрийг эргүүлэн авчирч,
үтрэмд чинь хураана гэж чи итгэх үү?

13Тэмээн хяруул далавчаа түргэн дэвдэг,
гэвч өрөвтасын жигүүртэй зүйрлэхийн аргагүй.
14Тэрээр өндгөө газарт үлдээж,
шороон дотор тэднийг дулаацуулж,
15тэдгээрийг нь хөл няцалж,
эсвэл зэрлэг амьтад тэднийг дэвсчиж магадгүй гэдгийг тэр мартдаг юм.
16Тэрээр үр төлдөө өөрийнх нь биш юм шиг харгис ханддаг.
Түүний хөдөлмөр утгагүй хоосон болдог хэдий ч тэр ердөө зовдоггүй.
17Учир нь Бурхан түүнийг мэргэн ухааныг мартдагаар бүтээж,
түүнд ойлголтыг өгөөгүй билээ.
18Тэрээр өөрийгөө өндөрт өргөхдөө хүлэг морь болон
түүний морьтонг жигшиж инээдэг.

19Чи хүлэг моринд чадал тэнхээг өгдөг үү?
Чи хүзүүг нь дэлээр халхалдаг уу?
20Түүнийг чи царцаа адил харайлгадаг уу?
Түүний ер бусын тургиан нь аймшигтай билээ.
21Тэрээр хөндийд туурайгаараа газар ухаж,
хүч чадалдаа эрддэг.
Тэрээр илд зэвсэгтэй тулгарахаар явдаг.
22Тэрээр айдас хүйдсийг жигшин инээдэг бөгөөд
зүрх алддаггүй.
Тэрээр илднээс ч эргэж буцдаггүй.
23Сум саадаг өөдөөс нь шажигнаж,
жад ба хануур жад гялалзана.
24Чичирч, догшрон тэрээр газар дээгүүр давхиж,
бүрээн дуунд зогсохгүй агсамнадаг.
25Бүрээн дуу дуугарах бүрийд тэрээр ухасхийн,
“Ий хо хо” гэдэг бөгөөд
тулааныг үнэртэж, жанжингуудын нүргэлэх дууг болон дайны уухайг тэрээр алсаас мэдэрдэг билээ.

26Өмнө зүг уруу жигүүрээ дэлгэн шонхор элин хальдаг нь чиний ухаанаар болдог уу?
27Бүргэд өндөрт халин нисэж,
үүрээ оргилд засдаг нь чиний тушаалаар болдог уу?
28Тэрээр хавцалд,
чулуун цохио буюу хүрч болохооргүй газар амьдарч,
амардаг билээ.
29Тэндээсээ тэр олзоо хайдаг.
Түүний нүд алс холоос хардаг бөлгөө.
30Түүний дэгдээхийнүүд ч цус хөхдөг.
Үхдлүүд хаана байна, тэнд тэр байдаг ажгуу гэж айлдав.