38 1Тэгтэл шуурган дундаас ЭЗЭН Иовд хариулан,
2-Мэдлэггүй үгсээр зөвлөгөөг гуйвуулагч тэр нь хэн юм бэ?
3Одоо хүн шиг ууц нуруугаа бүсэл.
Учир нь Би чамаас асуух бөгөөд
чи Надад заавар өг.
4Би газар дэлхийн суурийг тавихад чи хаана байв аа?
Хэрэв чамд ойлголт байгаа юм бол Надад хэлээч,
5түүний хэмжүүрүүдийг хэн тогтоодог вэ?
Чи мэддэгээс хойш. Надад хэл. Түүний дээр хэн зураас татсан бэ?
6Юун дээр түүний сууриуд тогтсон бэ?
Түүний булангийн чулууг хэн тавьсан юм бэ?
7Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж,
Бурханы бүх хөвгүүд баярлалдан уухайлсан.

8Эсвэл хэвлийгээс оргилон гарахад нь
хэн далайг хаалгаар хязгаарласан бэ?
9Тэгэхэд Би үүлийг түүний хувцас,
түнэр харанхуйг түүний өлгий болгож,
10мөн түүнд хил тогтоож,
хаалга түгжээг тавьж,
11“Энэ хүртэл чи ирэгтүн,
харин цаашилж болохгүй.
Энд чиний бардам давалгаанууд зогсох болно” гэж Би айлдсан билээ.

12Чи амьдралдаа өглөөд тушааж,
үүрийн гэгээнд байрыг нь мэдүүлж байв уу?
13Ингэснээр тэр нь газар дэлхийн хязгаараас зууран авч,
хорон муу хүмүүс эндээс сэгсрэгдэх болно.
14Энэ нь лацны шавар шиг өөрчлөгдсөн.
Тэд хувцас мэт болцгоодог.
15Хорон муугаас тэдний гэрэл авагдсан бөгөөд
өргөгдсөн гар хугарав.

16Чи далайн ундарга уруу нэвтэрч,
гүний хөндийнүүдэд алхсан уу?
17Үхлийн дааман хаалгууд чамд илэрхийлэгдэж,
эсвэл чи гүн харанхуйн дааман хаалгуудыг харсан уу?
18Газар дэлхийн өргөнийг чи ойлгосон уу?
Хэрэв чи энэ бүгдийг мэддэг бол хэлээч.

19Гэрлийн оршихуй уруу хүрэх зам хаана байна вэ?
Мөн харанхуй, түүний газар хаана байна вэ?
20Чи түүнийг орших газарт нь аваачиж чадах уу?
Түүний гэрт хүрэх замыг чи мэддэг үү?
21Тэгэхэд чи төрсөн учраас чи мэдэх бөгөөд
өдрүүдийн чинь тоо тоолшгүй их билээ!
22Чи цасны агуулахуудад орж,
эсвэл мөндрийн агуулахуудыг харсан уу?
23Би тэдгээрийг зовлонт цагийн төлөө,
дайн тулааны өдөрт зориулан нөөцөлсөн билээ.
24Гэрэл ямар замаар хуваагдах хийгээд
дорнын салхи ямар замаар газар дэлхий дээр тархсан бэ?

25Үерийн сувгийг,
эсвэл аянгын мөрийг хэн татсан бэ?
26Энэ нь хүмүүсгүй газарт,
нэг ч хүнгүй цөл дээр бороо авчрахын тулд бөгөөд
27эзгүй хоосон газрыг хангаж,
өвсний үрнүүдийг соёолуулахын тулд болой.
28Бороонд эцэг бий юү?
Эсвэл хэн шүүдрийн дуслуудыг олсон бэ?
29Хэний хэвлийнээс мөс гарсан бэ?
Тэнгэрийн хярууг хэн төрүүлсэн бэ?
30Ус чулуу шиг хатуу болж,
гүний гадаргуу ч хоригдсон байдаг.

31Чи Мичид зургааг холбож,
Марал гурвыг салгаж чадах уу?
32Чи оддын ордуудыг улиралд нь удирдаж,
Долоон бурханг түүний дагуулаар залж чадах уу?
33Чи тэнгэрийн тогтоолуудыг мэдэж,
тэдгээрийн газар дэлхий дээрх хуулиудыг тохируулж чадах уу?

34Асар их усаар бүрхүүлэхийн тулд
үүлс уруу хандан чи дуугаа өндөрсгөж чадах уу?
35“Бид энд байна” хэмээн чамд илтгээд явахаар
чи аянга гялбааг урагш илгээж чадах уу?
36Дотоод зүрхэнд хэн мэргэн ухааныг оруулж,
оюун ухаанд хэн ойлголтыг өгсөн бэ?
37Хэн мэргэн ухаанаар үүлсийг тоолж чадах вэ?
Эсвэл тэнгэрийн усны савнуудыг
38тоос нягтран цул болж,
шавар хоорондоо зууралдахад тогтоож чадах вэ?

39Чи арслангийн төлөө ан агнаж,
эсвэл залуу арслангуудын хоол идэх дурыг хангаж чадах уу?
40Тэд нүхнүүдэд хоргодон,
үүрэнд хэвтэн хүлээдэг.
41Хэрээний дэгдээхийнүүд Бурханд хашхиран хоолгүй тэнүүчилж байхад
хэн хэрээнд хоолыг нь залгуулж өгдөг вэ?