11 1Дараа нь наамат хүн Зофар хариулан,
2-Олон үг хариулагдалгүй урсаж,
чалчаа хүн зөвтгөгдөх ёстой юу?
3Чиний бардам үгс хүмүүсийг дуугүй болгох ёстой юу?
Чи хэнд ч зэмлүүлэлгүйгээр тохуурхах ёстой юу?
4Учир нь чи “Миний сургаал бол цэвэр бөгөөд
би та нарын нүдэнд гэмгүй билээ” гэж хэлсэн юм.
5Харин Бурхан ярьж,
чиний эсрэг Өөрийн уруулыг нээж,
6чамд мэргэн ухааны нууцуудыг үзүүлдэг ч болоосой!
Учир нь жинхэнэ мэргэн ухаан хоёр талтай юм.
Тэгвэл Бурхан чиний гэм буруугийн нэг хэсгийг мартдаг болохыг мэдтүгэй.

7Чи судалснаараа Бурханы гүнийг олж чадах уу?
Эсвэл чи Төгс Хүчит Нэгэний хязгаарыг олж чадах уу?
8Тэдгээр нь тэнгэрээс ч өндөр.
Чи юу хийж чадах юм бэ?
Тэдгээр нь Үхэгсдийн орноос ч гүн.
Чи юу мэдэж чадах юм бэ?
9Түүний хэмжээс газар дэлхийгээс ч урт,
далайгаас ч өргөн юм.
10Хэрэв Тэрээр өнгөрөн явж,
хорьж, эсвэл чуулганыг дуудвал
хэн Түүнийг хориглож чадах юм бэ?
11Тэрээр хуурамч хүмүүсийг таньж,
гэм бурууг хардаг бөгөөд
түүнд санаа тавихгүй гэж үү?
12Учир нь хоосон хүн ухаанаар дутмаг бөгөөд
хүн илжигний дудран мэт төрдөг юм.

13Хэрэв чи зүрхээ зөв удирдаж,
гараа Түүн уруу сунгаж,
14чиний гарт гэм буруу байвал тэдгээрийг хол зайлуулж,
майхнууддаа хорон мууг оршин байлгахгүй бол,
15чи өө сэвгүйгээр царайгаа өргөн явж үнэхээр чадахсан бөгөөд
чи бат бөх болж, айхгүй байх байсан.
16Чи зовлонг мартах байсан бөгөөд
урсан одох ус мэт түүнийг санах байсан.
17Амьдрал чинь жин үдээс ч илүү хурц гэрэлтэй байхсан.
Харанхуй ч өглөө мэт байхсан.
18Тэгэхэд, найдвар бий учраас чи итгэх байсан.
Чи эргэн тойрноо харж, аюулгүйгээр амрахсан.
19Үймүүлэх зүйлгүйгээр чи хэвтэхсэн бөгөөд
олон хүн чиний тааллыг гуйх байсан.
20Харин хорон муу хүмүүсийн нүд сүүмийж,
тэдэнд зугтах газар ч олдохгүй.
Тэдний найдвар нь эцсийнх нь амьсгал ажээ гэв.