42 1Дараа нь Иов ЭЗЭНд хариулан,
2-Та бүх юмсыг үйлдэж чаддаг бөгөөд
Таны төлөвлөсөн зүйлсийн нэг нь ч бүтэлгүйтдэггүй гэдгийг би мэддэг.
3“Мэдлэггүйгээр зөвлөгөөг хаацайлдаг энэ нь хэн юм бэ?”.
Тийм учраас би ойлгоогүйгээ буюу миний мэдээгүй,
миний хувьд дэндүү гайхамшигтай зүйлсийг би тунхагласан билээ.
4Сонсоорой одоо, би ярья.
Би Танаас асууж, Та намайг сургаач.
5Би Таны тухай чихээрээ сонслоо.
Харин одоо миний нүд Таныг хардаг.
6Тиймээс би хэлснээсээ буцаж,
шороо ба үнсэн дунд гэмшье гэв.
7ЭЗЭН эдгээр үгсийг Иовд айлдсаны дараа, ЭЗЭН теман хүн Елифазд хандан
-Миний уур чиний эсрэг болоод хоёр найзын чинь эсрэг асжээ. Учир нь та нар Миний тухай Миний зарц Иов шиг зөвийг ярьсангүй. 8Иймээс одоо өөрсдөдөө долоон бух, долоон хуцыг авч, Миний зарц Иов уруу очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахилыг өргө. Миний зарц Иов та нарын төлөө залбирч, Би түүнийг хүлээн аваад, та нарын мунхаглалыг шийтгэхгүй. Та нар Миний зарц Иов шиг Миний тухай зөвийг яриагүй. 9Ингээд теман хүн Елифаз, шух хүн Билдад болон наамат хүн Зофар нар явж, ЭЗЭНий тэдэнд айлдсаны дагуу хийсэн билээ. ЭЗЭН ч Иовыг хүлээн авчээ.
10Нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээж, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов. 11Тэгэхэд түүний бүх ах дүү, эгч дүү хийгээд өмнө нь түүнийг таньдаг байсан бүгд түүн уруу ирцгээж, түүнтэй хамт гэрт нь идэж ууцгаав. ЭЗЭНий түүнд учруулсан бүх зовлон зүдгүүрийн төлөө тэд түүнийг тайвшруулж, тайтгаруулав. Хүн бүр түүнд нижгээд мөнгө, алтан бөгж өгчээ. 12ЭЗЭН Иовын сүүлчийн өдрүүдийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган хос сарлаг, нэг мянган эм илжигтэй байв. 13Тэрээр долоон хүү, гурван охинтой байв. 14Тэрээр ууган охиноо Иемима, удаахаа Кезиа, гурав дахиа Керен-хаппух хэмээн нэрлэжээ. 15Бүх нутаг даяар Иовын охид шиг тийм үзэсгэлэнтэй эмэгтэй нэг ч олдоогүй ажээ. Тэдний эцэг тэдэнд ах нарынх нь дунд өв өгчээ. 16Үүний дараа Иов зуун дөчин жил амьдарч, хөвгүүд, ач нар болох дөрвөн үеэ үзжээ. 17Иов хөгширч, өдрүүдээ гүйцээгээд үхэв.