15 1Дараа нь теман хүн Елифаз хариулан
2-Мэргэн хүн хоосон мэдлэгийг ярьж,
өөрийгөө дорнын салхиар дүүргэдэг байх ёстой гэж үү?
3Тэрээр хэрэггүй яриа,
эсвэл ашиг өгдөггүй үгсээр маргадаг байх ёстой юу?
4Үнэндээ чи хүндэтгэлийг зайлуулж,
Бурханы өмнөх бясалгалыг саатуулж байна.
5Чиний гэм буруу амыг чинь сургадаг бөгөөд
чи зальтны хэлийг сонгодог.
6Би биш, өөрийн чинь ам чамайг буруутгадаг.
Өөрийн чинь уруул чиний эсрэг гэрчилдэг.

7Чи анхны хүн болон төрж,
эсвэл толгодоос ч өмнө бүтээгдсэн үү?
8Чи Бурханы нууц зөвлөгөөг сонссон бөгөөд
мэргэн ухааныг өөрөөрөө хязгаарладаг уу?
9Бидний мэддэггүй юуг чи мэддэг юм бэ?
Эсвэл бидэнд байдаггүй юуг чи ойлгодог юм бэ?
10Чиний эцгээс ч ахмад, буурал толгойтон болон өтөл настнуудын аль аль нь бидний дунд байна.
11Бурханы тайтгарууллууд болоод чамд зөөлнөөр айлдсан үг нь ч хүртэл
чамд чамлагдаж байгаа юм уу?
12Яагаад сэтгэл чинь чамайг авч явна вэ?
Юунд нүд чинь гялалзан,
13ингэснээрээ чи өөрийн сүнсээ Бурханы эсрэг эргүүлж,
амнаасаа үгсийг гаргана вэ?
14Цэвэр байхаар хүн гээч нь юу юм бэ?
Зөвт байхаар эмэгтэйгээс төрсөн нэгэн нь юу юм бэ?
15Үзэгтүн, Тэрээр Өөрийн ариун нэгнүүддээ ч итгэдэггүй бөгөөд
тэнгэрүүд ч хүртэл Түүний мэлмийд цэвэр биш байдаг.
16Тэр тусмаа жигшмээр, завхарсан нэгэн буюу гэм бурууг ус адил уудаг хүн ямар байх бол!

17Би чамд хэлье, намайг сонс.
Юу үзсэнээ ч би бас мэдүүлэх болно.
18Мэргэдийн өөрсдийн эцэг өвгөдөөс нуулгүй хэлсэнийг ч мэдүүлнэ.
19Зөвхөн тэдэнд газар нутаг өгөгдсөн бөгөөд
тэдний дундуур харийн ямар ч хүн өнгөрөөгүй билээ.
20Хорон муу хүн бүх өдрүүдийн турш өвчин дотор тарчилдаг бөгөөд
харгис хүнд хадгалагдсан жилүүд тоотой бөлгөө.
21Түгшүүрийн чимээ чихэнд нь байна.
Амар амгалан байхад нь сүйтгэгч түүн дээр ирдэг аж.
22Тэрээр харанхуйгаас эргэн гарна гэдэгт итгэдэггүй бөгөөд
тэрээр илдэнд заяагдсан ажээ.
23Тэрээр хоол хайн тэнүүчилж, “Хаана байна вэ?” хэмээдэг.
Харанхуйн өдөр маш ойр байгааг тэр мэддэг билээ.
24Зовлон ба өвчин түүнийг айлгадаг бөгөөд
довтлоход бэлэн буй хаан мэт тэд түүнийг нөмрөн авдаг.
25Учир нь тэрээр Бурханы эсрэг гараа сунгаж,
Төгс Хүчит Нэгэний эсрэг ихэмсгээр үйлддэг.
26Тэрээр зузаан, бат бөх бамбайтайгаар
Түүн уруу гөжүүдээр дайрдаг аж.
27Учир нь тэр өөрийн нүүрийг өөхөөрөө бүтээж,
гуяа цулцгар махаар бүрсэн.
28Тэрээр эзгүйрсэн хотуудад болон хэний ч амьдрахааргүй сууцнуудад амьдарч байсан.
29Тэрээр баяжихгүй, эд баялаг нь ч үүрдийнх биш.
Үр тариа нь газарт унахгүй.
30Тэрээр харанхуйгаас зугтахгүй.
Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөд
Түүний амны амьсгалаар тэрээр одох бөлгөө.
31Тэрээр өөрийгөө хуурч, хоосонд бүү итгэг.
Хоосон нь түүний шагнал болно.
32Түүний цагаас өмнө энэ нь биелэгдэж,
далдуу модны мөчир ч ногоорохгүй.
33Тэр өөрийн боловсорч гүйцээгүй усан үзмийг усан үзмийн мод мэт унагаж,
өөрийн цэцгээ чидун мод шиг хаях болно.
34Учир нь бурхангүй хүмүүсийн нөхөрлөл үргүй бөгөөд
завхрагчдын майхнуудыг гал шатаадаг юм.
35Тэд худал хуурмагийг тээж,
гэм бурууг төрүүлдэг бөгөөд тэдний оюун бодол заль мэхийг бэлтгэдэг ажээ гэв.