1 1Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.
2Аяа, тэнгэр минь, сонсогтун.
Газар минь, чих тавигтун.
ЭЗЭН айлдаж байна.
“Миний өсгөж,
торниулсан хөвгүүд Миний эсрэг бослоо.
3Шар өөрийн эзнээ таньдаг.
Илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг.
Харин Израиль мэддэггүй.
Миний хүмүүс ойлгодоггүй”.
4Ээ халаг,
нүгэлт үндэстэн,
гэмд дарагдсан ард түмэн,
хорлогчдын үр удам,
ялзарсан хөвгүүд.
Тэд ЭЗЭНийг орхилоо.
Тэд Израилийн Ариун Нэгэнийг жигшин,
Түүнээс гэдрэг эргэлээ.
5Та нар урваж шарвасаар дахин хаанаа цохиулмаар байна?
Толгой нь бүхэлдээ өвчтэй,
зүрх нь бүхэлдээ ядруу байна.
6Хөлийн улнаас толгой хүртлээ эрүүл газар алга.
Шахаагүй, боогоогүй,
тосоор зөөллөөгүй шарх, сорви, өмхий яр л байна.
7Та нарын газар эзгүйрч,
та нарын хотууд галд шатаж,
тариан талбайг чинь та нарын нүүрэн дээр харийнхан залгиж байна.
Харийнхнаар устгагдсан хоосрол.
8Усан үзмийн талбай дахь нуувч,
өргөст хэмхний талбай дахь манаачийн овоохой болон
бүслэгдсэн хот мэт Сионы охин орхигдов.
9Хэрэв түмэн цэргийн ЭЗЭН цөөн хүмүүсийг бидэнд амьд үлдээгээгүй бол
бид Содомтой адил болж,
Гоморратай төстэй байцгаах байсан.
10Содомын захирагчид аа!
ЭЗЭНий үгийг сонсогтун.
Гоморрагийн хүмүүс ээ!
Бидний Бурханы зааварт чих тавигтун.
11ЭЗЭН айлдаж байна.
“Та нарын олон тахил Надад юу юм бэ?
Би хуцын шатаалт тахилд,
бордсон үхрийн өөхөнд бүр цадлаа.
Надад бух, хурга, ямааны цус ч таалагдсангүй.
12Та нар Миний өмнө үзэгдэхээр ирэхдээ
Миний хашааг дэвслэхийг хэн шаардсан бэ?
13Зохисгүй өргөлөө цаашид бүү авчрагтун.
Утлага чинь Надад жигшүүртэй байна.
Шинэ сар, амралтын өдөр,
цугларалтын дуудлага болох
бузар гэм болон ёслолын чуулганыг Би тэвчиж чадахгүй.
14Та нарын шинэ сарын баяр,
тогтоосон найруудыг Би үзэн ядаж байна.
Тэдгээр нь Надад дарамт болж,
тэднийг үүрснээс болж Би ядарч байна.
15Та нар гараа өргөх үед,
Би та нараас мэлмийгээ нууна.
Тийм ээ,
та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй.
Та нарын гар цусаар бялджээ.
16Биесээ угаагтун.
Өөрсдийгөө цэвэрлэ.
Миний хараанаас бузар муу үйлсээ зайлуул.
Нүгэл хийхээ болигтун.
17Сайныг үйлдэхэд суралц.
Шударга ёсыг эр.
Хэрцгий догшинийг зэмлэ.
Өнчнийг хамгаал.
Бэлэвсэнг өмгөөлөгтүн”.
18“Нааш ир. Хамт хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна.
“Та нарын нүглүүд час улаан мэт боловч
цас шиг цагаан болно.
Тэдгээр нь хүрэн улаан боловч
ноос шиг болох болно.
19Хэрэв та нар зөвшөөрч,
дуулгавартай дагавал,
энэ газрын хамгийн сайныг иднэ.
20Харин та нар эсэргүүцэж босвол,
илдээр цавчигдана” гэж ЭЗЭНий ам айлдаж байна.
21Итгэмжит хот яаж янхан болсон бэ?
Зөв шударгаар дүүрэн,
энд үнэн зөв хоноглодог байсан атал,
харин одоо алуурчдаар л дүүрчээ.
22Чиний мөнгө хог болсон.
Чиний дарс усаар шингэлэгдсэн.
23Чиний ноёд бол бослого гаргагчид,
хулгайчдын найзууд.
Хүн бүр хахуульд дуртай бөгөөд
шан харамж хөөцөлддөг.
Тэд өнчнийг хамгаалдаггүй,
бэлэвсний өргөдлийг хүлээн авдаггүй.
24Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн,
Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна.
“Аяа,
Намайг эсэргүүцэгчдээс Би чөлөөлөгдөж,
дайснуудаас Өөрийнхөө өшөөг авна.
25Би бас мутраа чиний эсрэг эргүүлж,
чиний хогийг бүхэлд нь шүлтэд хийх мэт цэвэршүүлж,
бүх хольцыг чинь зайлуулна.
26Би танай шүүгчдийг анхных шиг нь,
мөн зөвлөхүүдийг чинь эхнийх шиг нь сэргээнэ.
Үүний дараа чи шударга хот,
итгэлт хот гэж нэрлэгдэнэ”.
27Сион үнэн шударгаар аврагдахад,
Түүний гэмшсэн нэгэн зөвт байдлаар аврагдана.
28Харин гэмт хэрэгтнүүд,
нүгэлтнүүд хамтдаа бяцлагдан,
ЭЗЭНийг умартагчдад төгсгөл ирнэ.
29Та нар өөрсдийн хүссэн царснаас болж ичнэ.
Та нар өөрсдийн сонгосон цэцэрлэгээс болж гутамшиг болно.
30Учир нь та нар навчис нь хийсэх царс мэт,
ямар ч усгүй цэцэрлэг мэт болно.
31Хүчтэн нь хуурайшсан мод болж,
түүний үйлс нь оч болно.
Тэд хоёул хамтдаа шатах бөгөөд
түүнийг хэн ч унтраахгүй.