9 1Зовлонтой байсан газар нутагт дахин харанхуй болохгүй. Урьдын цагт Тэр Зебулун болон Нафталийн нутагт жигшүүрээр хандаж байсан бол дараа нь харь үндэстнүүдийн Галил, Иорданы нөгөө талд, тэнгисийн хажуугаар сүр жавхлантай болгоно.
2Харанхуйд алхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ.
Харанхуй газарт амьдарч байгаа хүмүүс дээр гэрэл тусна.
3Та үндэстнийг олшруулан,
тэдний баяр хөөрийг нь ихэсгэнэ.
Хүмүүс олзоо хуваах үед баярладаг шиг,
тэд Таны оршихуйд ургац хураан баярлалдана.
4Учир нь Мидианы өдрийнх шиг тэднийг дарангуйлагчийн ташуур болох тэднийг дарамтлах буулга,
мөрөн дээрх дөнгийг нь Та эвдэнэ.
5Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг,
цусанд өнхрүүлсэн хувцас бүхнийг галын түлш мэт шатаана.
6Учир нь бидний төлөө хүүхэд төрж,
бидэнд хүү өгөгдөнө.
Засаглал Түүний мөрөн дээр байх болно.
Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч,
Хүчит Бурхан,
Мөнхийн Эцэг,
Энхийн Жонон гэж дуудна.
7Давидын сэнтий,
түүний хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход,
Түүний засаглал болон энх амгалан нь
одоогоос үүрд мөнхөд байх болно.
Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ.

8Эзэн Иаковын эсрэг үг илгээв.
Энэ нь Израиль дээр буув.
9Ефраим болон Самарийн оршин суугчид зүрхний бардамнал,
их зангаар ийнхүү ярьж байгааг бүх хүмүүс мэддэг.
10“Тоосгонууд эвдрэн нурсан ч,
бид гөлгөр чулуугаар дахин барина.
Тошлогийн мод огтлогдсон ч,
бид хуш модоор орлуулна”.
11Ийм учраас ЭЗЭН тэдний эсрэг дайснуудыг нь Резинээс өдөөн босгох болно.
12Дорно зүгээс арамейчууд,
баруун зүгээс филистчүүдийг явуулахад
тэд амаа ангайлган Израилийг залгина.
Энэ бүхнээс үл хамааран,
Түүний уур хилэн эргэхгүй,
Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.

13Учир нь хүмүүс өөрсдийг нь цохисон Түүн уруу буцаж эргэдэггүй,
түмэн цэргийн ЭЗЭНийг эрж хайдаггүй.
14Тиймээс ЭЗЭН Израилиас толгой,
сүүлийг нь тастаж,
ганцхан өдөрт далдуу модны иш,
мөчрийг нь тас огтолно.
15Толгой нь өтгөс болон хүндэт хүмүүс,
сүүл нь худал хуурмагийг номлодог эш үзүүлэгч юм.
16Учир нь энэ хүмүүсийн газарчлагчид нь тэднийг төөрүүлж,
тэднээр газарчлуулсан хүмүүс нь будлин самуурдаг.
17Тийм учраас Эзэн тэдний залуусаас ч таашаал авахгүй.
Өнчин, бэлэвсэн хүмүүсийг нь ч Тэр өрөвдөхгүй.
Учир нь тэд бүгдээрээ бурхангүй ба бурууг үйлдэгчид ажээ.
Ам болгон мунхаг зүйл ярьж байна.
Энэ бүхнээс үл хамааран,
Түүний уур хилэн эргэхгүй,
Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.

18Учир нь бузар муу явдал нь гал мэт шатаж,
үүргэнэ болон өргөст бутыг түймэрддэг.
Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож,
дээшээ утаан багана мэт хөөрнө.
19Түмэн цэргийн ЭЗЭНий уур хилэнгээр газар хуйхлагдах бөгөөд хүмүүс галын түлш мэт юм.
Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.
20Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч,
өлссөн хэвээрээ.
Тэд зүүн гарт юу байгаагаа идэвч үл цадна.
Хүн бүр өөрийнхөө шууны махнаас иддэг.
21Манассе Ефраимыг,
Ефраим Манассег залгина.
Тэд хамтарч Иудагийн эсрэг босно.
Энэ бүхнээс үл хамааран,
Түүний уур хилэн эргэхгүй,
Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.