28 1Ефраимын архичдын бардам титэм болон
үржилт хөндийн аман дахь гундмал цэцэг болох
түүний цуутай гоо үзэсгэлэн нь дарсанд цохигдсон хүмүүс хөөрхийлөлтэй еэ!
2Үзэгтүн, шуурган мөндөр,
сүйрлийн хар салхи мэт,
үерлэх усны хүчит шуурга мэт хүч чадалт нэгэн Эзэнд бий.
Түүнийг Өөрийн мутраараа дэлхий уруу чулуудна.
3Ефраимын архичдын бардам титэм нь хөл дор гишгэгдэнэ.
4Үржилт хөндийн аман дахь гундмал цэцэг болох түүний цуутай гоо үзэсгэлэн нь
зуны өмнөх боловсорсон анхны инжрийн жимс мэт болно.
Харсан хүн түүнийг шүүрэн авч залгина.
5Тэр өдөр түмэн цэргийн ЭЗЭН Өөрийн амьд үлдсэн хүмүүст цог жавхлант титэм, үзэсгэлэнт цэцгэн хэлхээ болж,
6шүүх газар сууж буй хүнд шударга сүнс болж,
дааман хаалга тийш гэдрэг довтлогч хүмүүст хүч чадал нь болно.
7Тэд бас дарсанд найгаж, архинд алмайрч,
тахилч хийгээд эш үзүүлэгч ч архинд найгалаа.
Тэд дарсанд самуурч, архинд алмайрч,
үзэгдэл үзэнгээ найган, шүүхэд согтуу байна.
8Тэгээд бүх ширээ заваан бөөлжсөөр дүүрч,
цэвэр газаргүй болж байна.

9“Тэр хэнд мэдлэг заах болж байна вэ?
Тэр хэнд сургаалыг ойлгуулах болж байна вэ?
Сүүнээс гарсан хүүхдэд үү, хөхнөөсөө салсан хүүхдэд үү?
10Учир нь Тэр
“Тушаалын дээр тушаал, тушаалын дээр тушаал,
журам дээр журам, журам дээр журам.
Энд жаахан, тэнд жаахан” гэж байна”.
11Үнэхээр Тэр энэ ард түмэнд хандаж шулганасан уруул,
харь хэлээр дамжуулан ярих болно.
12Тэр тэдэнд хандан,
“Энд амралт байна.
Эцэж туйлдагсдад амралтыг өгөгтүн.
Энд тайван байна” гэсэн боловч
тэд сонсохгүй байх юм.
13Иймээс тэдэнд айлдах ЭЗЭНий үг нь
“Тушаалын дээр тушаал, тушаалын дээр тушаал,
журам дээр журам, журам дээр журам.
Энд жаахан, тэнд жаахан” гэнэ.
Энэ нь тэд явж, гэдрэг бүдрэн, эвдрээд,
урхинд орж баригдахын тулд юм.
14Тиймээс Иерусалим дахь энэ ард түмнийг захирагч, шооч хүмүүс ээ.
ЭЗЭНий үгийг сонсогтун.
15Учир нь та нар
“Бид үхэлтэй гэрээ байгуулсан,
бид Үхэгсдийн оронтой хэлэлцээр хийсэн.
Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө бидэнд хүрэхгүй.
Учир нь бид худал хуурмагийг өөрсдийн хоргодох газар болгож,
заль мэхээр өөрсдийгөө далдалсан” гэж хэлсэн.
16Тийм учраас Эзэн БУРХАН
“Үзэгтүн. Би Сионд нэг чулууг тавина.
Тэр нь шалгагдсан бөгөөд бат тавигдсан суурийн булангийн үнэт чулуу юм.
Түүнд итгэгчийг яаруулахгүй.
17Би шударга ёсыг хэмжих шугам болгон,
үнэн зөвийг түвшин болгоно.
Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин,
нууц газрыг усаар нөмөргөнө.
18Та нарын үхэлтэй байгуулсан гэрээ,
Үхэгсдийн оронтой тохиролцсон хэлэлцээр нь хүчингүй болно.
Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө та нарыг гишгэчин дэвслэх болно.
19Тэр өнгөрөх бүрдээ та нарыг барина.
Өглөө бүр, өдөр шөнөгүй дайран өнгөрнө.
Энэ мэдээг ойлгох нь үнэхээр аймшигтай байх болно” гэж айлдаж байна.
20Сунаж хэвтэхэд ор нь хэт богино,
биеэ хучихад хөнжил нь хэт нарийн ажээ.
21ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож,
Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн,
Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ.
Тэр Өөрийн ажил, гайхамшигт ажлыг хийнэ.
22Элэглэхээ одоо зогсогтун.
Эс тэгвэл та нарын гинж чангарна.
Учир нь бүх дэлхий дээрх тогтоогдсон сүйрлийг
түмэн цэргийн Эзэн БУРХАНаас би сонсов.
23Чих тавин миний дууг чагнаач.
Сонс, миний үгийг чагнаач.
24Тариачин үр цацахын тулд газраа бүх л өдөржингөө хагалдаг уу?
Тэр үргэлж борнойдон хөрсийг нь сийрүүлдэг үү?
25Тэр газрын гадаргыг тэгшлэн, ногоон гоньд тарьж, гоньд цацдаггүй гэж үү?
Тэр буудайг эгнээгээр, арвайг газарт нь,
хөх тариаг талбай дээр нь тарьдаг биш үү?
26Учир нь түүнд Бурхан ёс журмаар нь заан, сургадаг юм.
27Ногоон гоньдыг лантуугаар цохидоггүй,
тэрэгний дугуй ч гоньдны дээгүүр өнхөрдөггүй.
Харин ногоон гоньдыг саваагаар,
гоньдыг шийдмээр балбадаг.
28Талх барихын тулд үр тариаг буталж үйрүүлэх хэрэгтэй,
тиймээс тэр нь түүнийг үргэлжид үл цохих бөгөөд
тэрэгний дугуй үл эвдрэн,
өөрийн морьтой хүмүүсээр бутаргахгүй.
29Энэ нь бас түмэн цэргийн ЭЗЭНээс ирсэн бөгөөд
Түүний зөвлөгөө нь гайхамшигтай, Түүний мэргэн ухаан нь агуу их билээ.