21 1Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн.
Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи шиг тэрээр цөлөөс,
аймшигт газраас ирнэ.
2Надад аймшигт үзэгдэл үзэгдэв.
Урвагч нь урвасаар,
сүйтгэгч нь сүйтгэсээр байна.
Елам аа, давш!
Медиа аа, бүслэгтүн!
Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.
3Үүнээс болж миний ууц бүхэлдээ өвдөн,
төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав.
Би ичсэнээсээ болж сонсож чадсангүй,
айснаасаа болж харж чадсангүй.
4Миний зүрх чичрэн, айдас намайг эзэмдэн,
миний хүсэн тэмүүлсэн бүрэнхий нь миний хувьд аймшиг болон эргэв.
5Тэд ширээ засаж, бүтээлэг дэлгээд, идэж ууна.
“Ахмадууд аа, босогтун.
Бамбайнуудаа тослогтун”.
6Тиймээс Эзэн надад айлдан
“Яв. Манаач тавь. Тэр юу үзсэнээ илтгэг.
7Тэр морьтонгууд, тэрэгтэнгүүд болон илжигний ба тэмээн цувааг хармагцаа маш анхааралтай,
сонор сэрэмжтэй байгтун” гэв.
8Тэгээд манаач ийн хашхирав.
“Өө Эзэн, би өдрөөр үргэлж харуулын цамхаг дээр зогсож байна.
Би шөнө бүр манааны байрандаа байрлаж байна.
9Одоо харагтун. Морьтой цэргүүд, тэрэгтэй хүн ирж явна”.
Нэг нь “Вавилон унав, унав.
Түүний бурхдын бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж өгүүлнэ.
10Үтрэм дээр цохигдсон миний ард түмэн!
Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНээс юу сонссоноо би та нарт мэдүүлж байна.
11Едомын тухай зөн.
Сеирээс нэгэн хүн намайг дуудсаар
“Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ? Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ?” гэв.
12Манаач хариулж
“Өглөө болж байна, гэвч шөнө болно.
Хэрэв та асуувал асуу. Дахин буцаж ир” гэв.
13Арабын тухай зөн.
Деданчуудын жинчид ээ! Та нар Арабын шигүү ойд хоноглох ёстой.
14Темагийн нутгийн оршин суугчид аа.
Цангасанд нь ус авчирч, оргодлуудыг талхтай угтагтун.
15Учир нь тэд илднээс, далайсан илднээс, татсан нумаас, дайны дарамтаас зугтсан юм. 16Эзэн үүнийг надад айлдав. “Хөлсний жилүүд гэж тооцогдож байсан нэг жилийн дотор Кедарын бүх сүр жавхлан эцэс болно. 17Кедарын хөвгүүдийн хүчит эрс болох харваачдаас үлдсэн нь цөөхөн байх болно” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдсан”.