46 1Бел бөхийж, Небо унана.
Араатан ба адгуус тэдний шүтээнүүдийг ачин явна.
Та нарын үүрч явсан шүтээн ядарсан адгууснуудад хүнд ачаа болжээ.
2Тэд бөхийж хамтдаа тонгойно.
Тэд ачаагаа ч аварч чадсангүй,
өөрсдөө ч олзлогдов.

3Иаковын гэр ба Израилийн гэрээс үлдэгсэд бүгд сонсогтун.
Та нар Надаар эхийн хэвлийд тээлгэн,
Надаар төрсөн.
4Тэр ч байтугай та нарыг өндөр настай болсон ч Би хэвээрээ байна.
Та нарын үс буурал болсон ч Би тээх болно.
Би хийсэн, Би авч явна.
Би тээж, аварна.

5Намайг та нар хэнтэй адилтгаж,
хэнийг Надтай зэрэгцүүлэн зүйрлэж,
өөрсдийгөө адилтгах гэсэн юм бэ?
6Зарим нь түрийвчээсээ алтаа хайрлалгүй өгч,
мөнгийг жинлүүрээр жинлэн,
алтны дархныг хөлсөлдөг.
Дархан түүгээр нь бурхан хийдэг.
Тэгээд тэд түүндээ бөхийж мөргөдөг.
7Тэд өнөөхөө мөрөн дээрээ өргөн зөөж,
байранд нь залдаг.
Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог.
Хэн нэгэн нь түүн уруу хашхирлаа гэхэд тэр хариулж чадахгүй,
мөнөөх хүнийг зовлон шаналлаас нь ч чөлөөлж чадахгүй.

8Үүнийг санагтун. Тууштай байгтун.
Нүгэлт хүмүүс ээ. Үүнийг зүрхэндээ тогтоогтун.
9Өнө эртний, урьдын зүйлсийг санагтун.
Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй.
Би бол Бурхан. Надтай адил өөр байхгүй.
10Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж,
хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн.
“Миний зорилго хэрэгжинэ.
Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ” гэж айлдаж байна.
11Би дорно зүгээс махчин шувууг,
алс холын орноос Түүний зорилгын хүнийг дуудна.
Үнэхээр Би айлдсан.
Үүнийгээ Би заавал гүйцэтгэнэ.
Төлөвлөсөн зүйлсээ Би заавал хийнэ.

12Үнэн зөвөөс алс байгч,
хатуу зүрхтнүүд Намайг сонсогтун.
13Би Өөрийн үнэн зөвийг ойртуулна.
Энэ нь хол биш байна.
Миний аврал удахгүй.
Би Сионд авралыг соёрхож,
Израильд Өөрийн алдрыг өгнө.