19 1Египетийн тухай зөн.
Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн, Египет уруу ирж явна.
Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч,
египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.
2“Би египетчүүдийг египетчүүдийн эсрэг турхирна.
Тэд ах дүүгийнхээ эсрэг,
хөршийнхөө эсрэг,
хот нь хотын эсрэг,
хаанчлал нь хаанчлалын эсрэг байлдах болно.
3Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно.
Би тэдний төлөвлөгөөг юу ч үгүй болгоход
тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлдөнө.
4Би египетчүүдийг харгис эзний гарт өгнө.
Догшин хаан тэднийг захирна” гэж
түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.

5Далайн ус ширгэж, голын ус хатаж, хуурай болно.
6Гол мөрнүүд өмхийрөн, Египетийн сувгууд нарийсан ширгэнэ.
Зэгс, хулс нь хувхайрна.
7Нилийн эргээрх, Нилийн аман дахь өвс ургамал,
хагалсан талбай бүгд хатаж, хийсэн алга болно.
8Загасчид гашуудан, Нил мөрөнд дэгээ хаягсад бүгд уй гашуу болж,
усанд тор тавигсад гутарна.
9Маалинга боловсруулдаг хүмүүс болон нарийн зотон нэхэгчид ичих болно.
10Түүний багананууд бяцлагдан,
хөлсний бүх ажилчид санаа сэтгэлээр унана.

11Үнэхээр Зоаны ноёд мунхаг хүмүүс болов.
Фараоны хамгийн мэргэн зөвлөгчдийн зөвлөгөө ч тэнэг болов.
“Би мэргэний хүү, эртний хаадын хүү” гэж
чи Фараонд яаж хэлж чадах юм бэ?
12Тэгвэл танай мэргэн хүмүүс хаана байна?
Түмэн цэргийн ЭЗЭН Египетийн эсрэг юу төлөвлөснийг тэд ойлгож мэдээд та нарт хэлэг.
13Зоаны ноёд мунхаглан үйлдэж, Мемфисийн ноёд хууртагдлаа.
Овгуудынх нь булангийн чулуу бологсод Египетийг төөрүүлэв.
14ЭЗЭН түүний дотор самуурлын сүнсийг хутгалаа.
Тэд Египетийн бүх үйлсийг нь согтуу хүн бөөлжсөндөө хутгалдан гуйвдаг шиг төөрөгдөлд оруулав.
15Толгой болон сүүл,
далдуу модны мөчир болон зэгс зэрэг ямар ч ажлыг,
юуг ч Египет хийж чадахгүй болно.
16Тэр өдөр египетчүүд эм хүн шиг болно. Тэд өөрсдийнх нь дээгүүр даллах түмэн цэргийн ЭЗЭНий мутрын хөдөлгөөнөөс айж, чичирнэ. 17Иудагийн газар Египетийн хувьд аймшиг болно. Тэдний эсрэг төлөвлөж буй түмэн цэргийн ЭЗЭНий зорилгоос болж түүнийг дурссан хүн бүр айдаст автана.
18Тэр өдөр Египетийн нутгийн таван хот Канааны хэлээр ярьж, түмэн цэргийн ЭЗЭНд тангараг өргөнө. Энэ хотуудын нэг нь Сүйрлийн Хот гэдэг нэртэй.
19Тэр өдөр Египетийн нутгийн төвд ЭЗЭНд тахилын ширээ засагдах бөгөөд хил хязгаарынх нь дэргэд ЭЗЭНд багана босгогдоно. 20Энэ нь Египетийн нутагт түмэн цэргийн ЭЗЭНий тэмдэг, гэрч болно. Учир нь тэд дарангуйлагчдаас болж ЭЗЭНд хашхирна. Тэр тэдэнд Аврагч, Хүчит Нэгэнийг илгээнэ. Тэр тэднийг чөлөөлнө. 21Тэгээд ЭЗЭН Өөрийгөө Египетэд мэдүүлж, тэр өдөр египетчүүд ЭЗЭНийг мэдэх болно. Тэр ч байтугай тэд тахил, өргөл өргөн мөргөж, ЭЗЭНд андгайлан, түүнийгээ биелүүлнэ. 22ЭЗЭН Египетийг цохино. Цохих боловч эдгээнэ. Иймээс тэд ЭЗЭН уруу эргэвэл, Тэр тэдэнд хариулан, тэднийг эдгээнэ.
23Тэр өдөр Египетээс Ассири хүрэх их зам бий болж, ассиричууд Египет уруу, египетчүүд Ассири уруу явж, египетчүүд ассиричуудтай хамт мөргөх болно.
24Тэр өдөр Израиль нь Египет, Ассирийн хамт гуравдахь болж, дэлхийн төв дэх ерөөл болно. 25Түмэн цэргийн ЭЗЭН тэднийг ерөөж, “Миний ард түмэн болох Египет, Миний мутрын бүтээл болох Ассири, Миний өв залгамжлал болох Израиль ерөөлтэй” гэж айлдав.