34 1Үндэстнүүд ээ, сонсохын тулд ойртогтун.
Ард түмнүүд ээ, чагнагтун.
Газар ба түүнийг дүүргэгч бүхэн сонсогтун.
Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсох болтугай.
2Учир нь ЭЗЭНий зэвүүцэл бүх үндэстний эсрэг байж,
уур хилэнгээ тэдний бүх цэргийн эсрэг гаргаж,
тэднийг бүрмөсөн устгалаа.
Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.
3Тэдний алагдагсдыг гаргаж хаяхад хүүр нь өмхийрч,
тэдний цус нь ууланд нэвчив.
 4Тэнгэрийн бүх эрхэс устаж,
тэнгэрүүд ч хуйлмал ном мэт хуйлагдах болно.
Тэдний бүх эрхэс усан үзмийн ороонгын навч,
инжрийн модны инжир хатан унадаг шиг унана.
5Учир нь Миний илд тэнгэрт согтоод,
Миний бүрмөсөн устгасан ард түмний дээр Едомыг шүүхээр бууна.
6ЭЗЭНий илд цусаар бялхсан байна.
Илд нь хурга ямааны цусаар дүүрч,
хуцын бөөрний өөхөнд цадав.
Учир нь ЭЗЭН Бозрад тахилтай,
Едомын газарт их аллагатай ажээ.
7Бас зэрлэг шар тэдэнтэй,
залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж,
тэдний газар нь цусаар нэвчиж,
тоос шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.
8Учир нь Сионд хариуг нь өгөх жил,
өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.
9Едомын урсгалууд нь давирхай болж,
хөрс нь шатаж буй хүхэр болон хувирах бөгөөд
газар нь шатаж буй давирхай болно.
10Тэр нь өдөр ч, шөнө ч унтрахгүй,
утаа нь мөнхөд суунаглана.
Энэ нь үеийн үед эзгүйрэн, үүрд мөнхөд түүгээр хэн ч өнгөрөхгүй.
11Харин тэнд ятуу, зараа нутаглан, шар шувуу, хэрээ үүрлэнэ.
Тэр Едомын дээгүүр эзгүйрлийн шугам болон хоосролын хүндрүүлэгч татна.
12Едомын язгууртнуудын дотроос хаан гэж дуудагдах хүнгүй болж,
тэдний ноёд нь бүгдээрээ юу ч биш болно.
13Бэхлэгдсэн цамхгууд болон хотуудынх нь дотор үүргэнийн бут, өргөст халгай ургаж,
цөөвөр чонын орогнох газар, тэмээн хяруулын нутаг болно.
14Тэнд цөлийн араатнууд чононцортой тааралдаж,
мөн үсэрхэг ямаа ижлээ дуудан орилно.
Тийм ээ, шөнийн мангас тэнд суурьшиж, амрах газраа олно.
15Тэнд суман могой үүрээ засаж хэвтэн, өндгөө дарж, тэднийгээ нөмөр дороо цуглуулна.
Тийм ээ, шонхрууд төрөл төрлөөрөө цуглана.

16ЭЗЭНий номноос олоод уншигтун.
Тэдгээрийн нэг нь ч алга болохгүй,
нэг нь ч ижлээ алдахгүй.
Учир нь Түүний ам айлдаж,
Түүний Сүнс тэднийг цуглуулсан юм.
17Тэр тэдний төлөө шавга хаясан.
Түүний мутар үүнийг тэдэнд хэмжээгээр нь хувааж өгсөн.
Тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж,
үеийн үед энд орших болно.