40 1“Миний ард түмэн тайвшрагтун, тайвшрагтун” хэмээн
та нарын Бурхан айлдаж байна.
2Иерусалимын зүрхэнд эелдэг ярь.
Түүний хүнд хүчир үүрэг дууссан,
түүний хилэнц зайлуулагдсан.
Тэр бүх л нүглийнхээ төлөө ЭЗЭНий мутраас хоёр дахин хүлээн авсан гэдгийг хэлэгтүн.

3Хашхирагч нэгний дуу
“Зэлүүд талд ЭЗЭНд зориулан зам засагтун.
Манай Бурханд зориулан цөлд их замыг тэгш болгогтун.
4Хөндий бүр өргөгдөж,
уул толгод бүр нам болж,
барзгар газар нь тэгш,
гүдгэр газар тэгш хөндий бологтун.
5Дараа нь ЭЗЭНий алдар илэрхийлэгдэж,
бүх махан бие хамтдаа үзнэ.
Учир нь ЭЗЭНий ам айлдлаа” гэв.
6Нэгэн дуу “Дуудагтун” гэсэнд
би “Би юуг дуудах вэ?” гэж хариулав.
Бүх махан бие нь өвс бөгөөд
түүний бүх сүр жавхлан нь талын цэцэг мэт юм.
7ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвэл өвс хатаж,
цэцэг гандана.
Хүмүүс үнэхээр өвс юм.
8Өвс хатаж, цэцэг гандана.
Харин бидний Бурханы үг мөнхөд тогтоно.

9Сайн мэдээг үүрэгч Сион оо!
Өндөр уулан дээр гарагтун.
Сайн мэдээг үүрэгч Иерусалим аа!
Дуугаа чанга өргөгтүн.
Өргөгтүн! Бүү айцгаа.
“Та нарын Бурхан энд байна” хэмээн Иудагийн хотуудад хэлэгтүн.
10Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж,
мутраараа Өөрийнхөө төлөө захирна.
Үзэгтүн, шагнал нь Түүнтэй хамт,
хариу нь Түүний өмнө байна.
11Тэр хоньчин мэт сүргээ хариулж,
Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэврээд,
хургатай хонийг алгуур хөтөлнө.

12Хэн усыг гарынхаа алганд хэмжиж,
тэнгэрийг төөлсөн бэ?
Хэн газрын тоосыг хэмжүүрээр тоолж,
уулсыг жинлүүрээр жинлэн,
толгодыг хос дэнсээр дэнсэлсэн бэ?
13Хэн ЭЗЭНий Сүнсийг удирдан,
эсвэл Түүний зөвлөх нь болж,
Түүнийг сургасан бэ?
14Хэнтэй Тэр зөвлөлдөн,
хэн Түүнд ухаарлыг өгсөн бэ?
Хэн Түүнд шударга ёсны замыг заан, мэдлэгийг сургаж,
ухаарлын замыг мэдүүлсэн бэ?
15Үзэгтүн, үндэстнүүд бол хувин доторх дусал мэт хийгээд
дэнсэн дээрх тоосны ширхэг мэт тооцогддог.
Үзэгтүн, Тэр арлуудыг нарийн тоос мэт өргөнө.
16Ливан ч хүртэл шатаахад хангалтгүй,
араатан амьтад нь ч шатаалт тахилд зориулахад хангалтгүй билээ.
17Бүх үндэстэн Түүний өмнө юу ч биш,
тэд Түүнд утгагүй, хэрэггүй юм мэт үнэлэгддэг.

18Тэгвэл та нар Бурханыг хэнтэй адилтгах юм бэ?
Та нар Түүнийг ямар дүртэй зүйрлэх вэ?
19Шүтээний хувьд гэвэл,
түүнийг дархан хүн цутгаж,
алтны дархан алтаар бүрж,
мөнгөний дархан мөнгөн оосрыг нь хийдэг.
20Иймэрхүү өргөлд хэтэрхий ядуу нь өмхөрдөггүй модыг өөртөө сонгодог.
Үл хөдлөх шүтээнийг бүтээхийн тулд тэр уран дархныг хайдаг.

21Та нар мэдэхгүй гэж үү?
Та нар сонсоогүй гэж үү?
Эхнээсээ та нарт үүнийг зарлаагүй гэж үү?
Дэлхийн сууриас та нар ойлгоогүй юу?
22Царцаанууд шиг оршин суугчидтай дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ.
Тэр тэнгэрийг хөшиг мэт татаж,
майхан мэт дэлгэн оршдог.
23Тэр захирагчдыг юу ч биш болгон,
газрын шүүгчдийг хэрэггүй болгоно.
24Тэднийг дөнгөж таригдаад, үрслэгдээд,
үндэс нь газарт үндэслэмэгц,
Тэр тэдэн уруу үлээдэг.
Тэд хатаж, сүрэл мэт шуурганд хийснэ.
25“Тэгвэл та нар Намайг хэнтэй адилтгаж,
хэнтэй тэнцүүлэх вэ?” гэж Ариун Нэгэн айлдаж байна.
26Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун.
Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчрагч Нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм.
Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй.

27“Миний зам ЭЗЭНээс нуугдаж,
үйлсийг минь миний Бурхан мартсан” гэж чи яагаад өгүүлнэ вэ, Иаков оо?
Чи юунд ярина вэ, Израиль аа?
28Чи мэдэхгүй гэж үү?
Чи сонсоогүй гэж үү?
Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм.
Түүний ухаан нь хязгааргүй.
29Тэр ядарсанд тэнхээ өгч,
чадал дутагдсанд нь хүч нэмдэг.
30Залуу хүн ч ядарч сульдан,
идэр хөвгүүд ч бүдэрдэг.
31Харин ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ.
Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина.
Тэд гүйхдээ үл ядран,
алхахдаа үл цуцна.