59 1Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ.
Түүний чих сонсож чадахааргүй дүлий биш ээ.
2Харин та нарын гэм буруу нь та нарыг Бурханаас хагацуулан,
та нарын нүглүүд Бурханы нүүрийг та нараас далдалжээ.
Тийм учраас Тэр сонсдоггүй.
3Учир нь та нарын гар цусаар,
та нарын хуруу нүглээр бузарлагдсан.
Та нарын уруул худал ярьж,
та нарын хэл хилэнцэт зүйлийг өгүүлнэ.
4Хэн ч зөв шударгаар шүүдэггүй,
хэн ч үнэнээр өмгөөлдөггүй.
Тэд самуун төөрөгдөлд итгэн, худал ярьдаг.
Тэд гай тарьж, хилэнцийг төрүүлнэ.
5Тэд хорт могойн өндгийг даран, аалзны тор нэхдэг.
Тэдний өндгийг идсэн хүн үхдэг.
Өндөг нь хагарахад дотроос нь могой гарна.
6Тэдний тор нь хувцас болохгүй.
Тэд өөрсдийн ажлуудаараа биеэ хучихгүй.
Тэдний хөдөлмөр нь хилэнцэт ажил бөгөөд тэдний алганд нь хүчирхийллийн үйлс байна.
7Тэдний хөл нь муу уруу гүйн,
гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг.
Тэдний бодол нь хилэнцэт бодол бөгөөд
тэдний замд эвдрэл, сүйрэл бий.
8Тэд энх тайвны замыг мэдэхгүй,
тэдний замд нь шударга ёс гэж байхгүй.
Тэд замаа муруй хазгай тавьснаас энэ замаар явагчид нь энх амгаланг үл мэднэ.

9Ийм учраас шударга ёс биднээс хол,
үнэн зөв нь бидэнд хүрэхгүй.
Бид гэрлийг хайдаг боловч харанхуйг л хардаг,
хурц гэрлийг хүлээвч, бүрэнхийд алхдаг.
10Бид сохор хүмүүс мэт хана дагуу тэмтрэн,
нүдгүй хүмүүс адил тэмтэчнэ.
Үд дунд бид бүрэнхийд мэт бүдэрч,
хүчтэнүүдийн дунд бид хүүр мэт байна.
11Бид бүгдээрээ баавгай мэт хүрхрэн,
тагтаа мэт гашуудна.
Бид шударга ёсыг хайвч, тэр нь алга.
Авралыг хүлээвч, тэр нь биднээс хол ажээ.
12Учир нь бидний гэм буруу Таны өмнө үлэмж ихэссэн бөгөөд
бидний нүглүүд өөрсдийн минь эсрэг гэрчилдэг.
Нүглүүд маань бидэнтэй хамт байдаг.
Бид өөрсдийн хилэнцийг мэднэ.
13Бид нүгэл үйлдэн, ЭЗЭНийг үгүйсгэн,
Бурханаасаа эргэж буцан, дарлаж хавчин,
босох тухай хэлэлцэн, зүрхнээсээ худал үгсийг ярьдаг.
14Шударга ёс хойш хаягдан, үнэн зөв нь холдов.
Үнэн нь гудамжинд бүдэрч, шударга явдал нэвтэрч чадахгүй байна.
15Тийм ээ, үнэн үгүйлэгдэж байна.
Бузар муугаас холдогч нь өөрийгөө золиос болгов.
ЭЗЭН үүнийг хараад,
шударга ёс байхгүй байсанд Түүний мэлмийд таалагдаагүй.
16Тэнд нэг ч хүн байхгүйг Тэр хараад,
тэнд зуучлах хүн нэг ч байхгүйд гайхаж байлаа.
Тиймээс Тэр Өөрийн мутраар Түүнд авралыг авчран,
Өөрийн зөвөөр Түүнийг дэмжив.
17Тэр Түүнд үнэн зөвийг хуяг мэт өмсгөн,
авралын дуулгыг тэргүүнд нь тавив.
Тэр өс хонзон авах хувцсыг өмсөн,
зүтгэлээр Өөрийгөө цув мэт ороов.
18Тэдний хийсэн үйлсийнх нь дагуу Тэр Өөрийн өрсөлдөгчдөд уур хилэн,
Өөрийн дайснуудад өшөө хонзон,
эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө.
19Өрнө зүгт хүмүүс ЭЗЭНий нэрээс эмээн,
наран ургах зүгт тэд Түүний алдраас айна.
Дайсан голын урсгал мэт ирвэл
ЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна.
20“Аврагч нь Сион уруу Иаков дотор гэм нүглээс эргэсэн хүмүүс уруу ирнэ” гэж ЭЗЭН тунхаглав. 21“Миний хувьд энэ бол тэдэнтэй байгуулах Миний гэрээ” хэмээн ЭЗЭН айлдаж байна. “Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь чиний амнаас ч, чиний хүүхдүүдийн амнаас ч, чиний хүүхдүүдийн үр удмын амнаас ч одооноос эхлэн үүрд мөнх салахгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.