64 1Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл,
Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн.
2Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт,
ус буцалгадаг гал адил
Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд
Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч.
3Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед,
Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв.
4Өөрийг нь итгэн хүлээгч нэгний төлөө үйлддэг Танаас өөр Бурханыг эртнээс нааш тэд сонсоогүй,
чихээрээ сонсоогүй бөгөөд нэг ч нүд хараагүй.
5Үнэн зөвийг баяртайгаар үйлдэгч,
Таны замуудад Таныг санадаг хүнтэй Та уулздаг.
Үзэгтүн, бид нүгэл үйлдэж,
үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан.
Бид аврагдах болов уу?
6Бид бүгдээрээ бузар нэгэн мэт болсон бөгөөд бидний бүх зөв үйлс нь бохир хувцас мэт байдаг.
Бид бүгдээрээ навч мэт хатаж,
бидний нүгэл нь биднийг салхи мэт хийсгэнэ.
7Таны нэрийг дуудан Танаас зуурахаар өндийх хүн нэг ч алга.
Учир нь Та биднээс нүүрээ нууж,
биднийг өөрсдийн минь нүглийн хүчинд тушаасан.

8Гэвч эдүгээ ЭЗЭН, Та бол бидний Эцэг билээ.
Бид шавар, Та бол бидний ваарчин.
Бид бүгдээрээ Таны мутрын бүтээл.
9ЭЗЭН минь. Хэмжээ хязгааргүй бүү хилэгнээч.
Нүглийг үүрд бүү дурсаач.
Үзэгтүн, одоо хар, бид бүгд Таны ард түмэн.
10Таны ариун хотууд, Сион ч хүртэл зэлүүд газар боллоо.
Иерусалим эзгүйрлээ.
11Эцэг өвгөдийн маань Таныг магтаж байсан газар болох бидний ариун үзэсгэлэнт өргөө галд шатжээ.
Бидний бүх үнэт юмс нуранги боллоо.
12ЭЗЭН минь. Эдгээрийг Та тэвчсээр байх уу?
Та дуугүй байсаар, хэмжээ хязгааргүйгээр биднийг зовоох уу?