42 1Миний өргөмжилсөн Зарц,
Миний сэтгэлд таалагддаг Миний сонгосон нэгнийг харагтун.
Би Түүний дээр Өөрийн Сүнсийг тавина.
Тэр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.
2Тэр хашхирахгүй, дуугаа өндөрлөхгүй бөгөөд
гудамжинд ч дуугаа сонсгохгүй.
3Тэрээр бяцлагдсан хулсыг хугачихгүй,
мөн асаж ядан буй зулыг ч унтраахгүй.
Тэр шударга ёсыг итгэлтэйгээр түрэн авчирна.
4Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртлээ Тэр зүрх алдахгүй, бяцрахгүй.
Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.

5Тэнгэрийг бүтээж татаад,
дэлхий болон түүний үр жимсийг дэлгэсэн,
түүн дээрх хүмүүст амьсгал өгөгч,
түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.
6“Би бол ЭЗЭН.
Би чамайг зөвт байдалд дуудсан.
Би бас чиний гараас атгаад,
чамайг хамгаална.
Би чамайг ард түмний гэрээ болгож,
үндэстнүүдийн гэрэл болгоно.
7Энэ нь сохрын нүдийг нээн,
гяндангаас хоригдлуудыг чөлөөлж,
харанхуйд суугчдыг шоронгоос гаргахын тулд юм.
8Би бол ЭЗЭН.
Энэ бол Миний нэр.
Би Өөрийн алдрыг бусдад,
Өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй.
9Үзэгтүн, урьдын юмс болж өнгөрнө,
эдүгээ Би шинэ юмыг тунхаглаж байна.
Тэднийг гарч ирэхээс өмнө Би та нарт мэдэгдэнэ”.

10ЭЗЭНд шинэ дуу дуулж,
Түүнийг газрын хязгаараас магтагтун.
Далай уруу орогч болон дотор нь буй та бүхэн,
арлууд болон дээр нь оршин суугчид аа.
11Цөл хийгээд түүний хотууд,
Кедарын амьдардаг суурингууд дуугаа өргөгтүн.
Селагийн оршин суугчид чангаар дуулагтун.
Тэд уулсын оройгоос баярлан хашхирах болтугай!
12Тэд ЭЗЭНд алдрыг өргөг!
Түүний магтаалыг эргийн орнуудад тунхаглах болтугай!
13ЭЗЭН дайчин мэт урагшилж,
дайнч мэт зүтгэн босож,
дуугаа өндөрлөн дайнд уухайлж,
Өөрийн дайсныг дарна.
14Би удаан хугацааны турш дуугаа хурааж, биеэ барьлаа.
Төрөх гэж байгаа эмэгтэй мэт би хашхирч, амаа ангайлган, бахардах болно.
15Би уул толгодыг хоослон,
тэдний бүх өвс ногоог хатаан,
гол мөрнийг нь арлууд болгож,
цөөрмүүдийг нь ширгээнэ.
16Би сохруудыг тэдний мэдэхгүй замаар дагуулан,
тэднийг мэдэхгүй харгуйгаар удирдана.
Би тэдний өмнө харанхуйг гэрэл болгон,
барзгар газрыг тэгш тал болгоно.
Энэ бол Миний хийх юм.
Би тэднийг хийлгүй орхихгүй.
17Цутгамал хөргүүдийг “Та нар бидний бурхад” гэж хэлэгчид,
шүтээнүүдэд итгэгчид эргээд,
бүрмөсөн гутаагдана.

18Дүлий хүмүүс ээ, сонсогтун!
Сохор хүмүүс ээ, үзэхийн тулд харагтун!
19Миний боолоос өөр сохор хүн хэн бэ?
Миний илгээсэн элчийн адил дүлий нь хэн бэ?
Надтай эв найрамдалтай байдаг хүн шиг сохор,
ЭЗЭНий боолын адил сохор хүн хэн бэ?
20Та нар олон юмсыг үзсэн боловч ажиглаагүй.
Та нарын чих сонсголтой боловч юуг ч сонсоогүй.
21Өөрийнхөө үнэн зөвийн төлөө хуулийг агуу их,
алдартай болгох нь ЭЗЭНд таатай байдаг.
22Гэвч энэ бол тонуулж,
дээрэмдүүлсэн ард түмэн.
Тэд бүгдээрээ нүхэнд унаж, эсвэл шоронд хадагдсан.
Тэд олз болсон.
Тэднийг хэн ч чөлөөлөхгүй.
Тэд дээрэмдүүлсэн боловч хэн ч “Буцааж өг” гэж хэлэхгүй.

23Та нарын дотроос хэн нь үүнийг чагнах вэ?
Хэн нь ирээдүйд анхаарал тавьж, сонсох юм бэ?
24Хэн Иаковыг олз болгож, Израилийг дээрэмчдэд өгсөн бэ?
ЭЗЭН биш гэж үү?
Учир нь бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн.
Тэд Түүний замаар явахыг хүссэнгүй,
Түүний хуулийг дагаагүй.
25Тийм учраас Тэр Өөрийн уур хилэнгийн ааг омгийг, хатуу ширүүн дайныг тэдний дээр асгав.
Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй.
Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ үүнийг мэдэрсэнгүй.