33 1Өөрсдийг чинь сүйтгээгүй байхад сүйтгэгч,
өөрсдийг нь дээрэмдээгүй байхад бусдыг дээрэмдэгчид харамсагтун.
Та нар бусдыг сүйтгэхээ болиход,
өөрсдийг чинь сүйтгэнэ.
Та нар бусдыг дээрэмдэхээ зогсоход,
та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.
2Өө ЭЗЭН,
бидэнд нигүүлсэнгүй хандаач.
Бид Таныг хүлээнэ.
Өглөө бүр Та бидний хүч болж,
зовлонтой цагт Та бидний аврал байгаач.
3Аянгын дуунаар хүмүүс зугтаж,
Таныг босоход үндэстнүүд тараагдана.
4Төөлүүр хорхой шиг та нар олзоо цуглуулна.
Царцаа дэвхрэх шиг хүмүүс түүн дээр овооролдоно.
 5ЭЗЭН өндөрт орших учир өргөмжлөгдөнө.
Тэр Сионыг шударга ёс, үнэн зөвөөр бялхаана.
6Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд мэргэн ухаан,
мэдлэг ба авралын баялаг мөн.
ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ.
7Үзэгтүн, тэдний зоригтнууд нь гудамжинд уйлалдаж,
энхийн элч нар нь гашуудан цурхирна.
8Их замууд хоосрон, аялагчид алга болов.
Тэр гэрээг зөрчиж, хотуудыг сүйтгэн,
хүнийг ойшоосонгүй.
9Газар нь гашуудан хатав.
Ливан нь ичиж гандав.
Шарон нь эзгүй тал мэт болов.
Башан ба Кармел ч навчнуудаа гөвөв.
10“Одоо Би босно” гэж ЭЗЭН айлдаж байна.
“Одоо Би өргөмжлөгдөнө.
Одоо Би өргөгдөнө.
11Та нар өвсөөр жирэмсэлж, сүрэл төрүүлнэ.
Амьсгал чинь та нарыг гал мэт шатаана.
12Хүмүүс нь далдуу мод мэт, галд шатаж буй тастагдсан үүргэнэ мэт шатна.

13Холынхон та нар, Миний юу хийснийг сонсож,
ойрынхон та нар, Миний хүчийг мэдэгтүн” гэв.
14Сион дахь нүгэлтнүүд айж,
бурхангүй хүмүүс түгшүүрт автав.
“Бидний хэн маань түймэрдэгч галын дотор амьдарч чадах вэ?
Бидний хэн нь мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?”
15Зөв шударгаар явж, үнэнийг өгүүлж,
шударга бус олзыг жигшиж, хахууль авахаас гараа хол байлган,
цус урсгах талаар сонсохгүйн тулд чихээ бөглөн,
мууг үзэхгүйн тулд нүдээ аньдаг
16хүн өндөрт заларч,
түүний хоргодох газар нь хадан бэхлэлт байх болно.
Түүнд талхыг нь өгч,
ус нь элбэг байх болно.

17Чиний нүд гоо үзэсгэлэнт Хааныг харж,
тэд алс холын газрыг үзнэ.
18Чиний зүрх “Тооллого хийгч хаана байна?
Татвар хураагч хаа байна?
Цамхаг хянагч хаа байна?” гэж аюулыг тунгаан бодно.
19Хэн ч ойлгохгүй бэрх яриатай,
хэн ч үл ойлгох харь хэлтэй
догшин хүмүүсийг чи цаашид харахгүй.
20Манай баяр наадмын хот Сионыг харагтун.
Энх амгалангийн орон,
гадаснууд нь хэзээ ч сугарахгүй,
нэг ч аргамж нь тасрахгүй,
эвхэгдэхгүй майхан болон Иерусалимыг үзнэ.
21Тэнд цог жавхлант Нэгэн болох ЭЗЭН бидний төлөө байх болно.
Ингэхдээ гол, өргөн сувгийн газар мэт болж,
түүгээр сэлүүрт завь хийгээд усан онгоц ч өнгөрөхгүй.
22Учир нь ЭЗЭН бол бидний шүүгч,
ЭЗЭН бол бидний хууль тогтоогч,
ЭЗЭН бол бидний хаан мөн бөгөөд Тэр биднийг аварна.
23Чиний аргамж тайлагдаж,
шургийн суурь нь уягдахгүй,
дарвуул дэлгэж чадахгүй.
Тэр үед тансаг их олз омог чинь хуваагдаж,
доголон хүн ч хувь хүртэнэ.
24“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй.
Тэнд амьдарч байгаа хүмүүсийн нүгэл нь уучлагдах болно.